Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ болон “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын нэр хүндтэй уран бүтээлчдийг Монголд урьж оролцуулсан “МонголианАрт” олон улсын уран баримлын симпозиум наймдугаар сарын 4-21-ний хооронд Тэрэлж байгалийн цогцолбор газарт байрлах “Гүрү Эко” цогцолборт амжилттай зохион байгуулагдсан билээ.
Симпозиумын үеэр туурвигдсан томоохон бүтээлүүдийн “Public Art – Urban Sculpture” үзэсгэлэн наймдугаар сарын 24-ний өдөр ХААН Банк цамхгийн гадна талбай болон Хаан Галарейд нээгдлээ.
Нээлтийн ажиллагаанд тус симпозиумын албан ёсны түнш НЗД-ын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, ХБНГУ-аас Монгол Усад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Хэлмут Кулитц, Төслийг санаачлагч, зохион байгуулагч, Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа, дэмжигч ХААН Банкны Өмчийн харилцааны газрын захирал О.Тэмүүлэн оролцлоо.
Энэ үеэр Элчин сайд Хэлмут Кулитц “Урлагт аливаа соёл болон хэлний хил хязгаар гэж үгүй бөгөөд орчуулах шаардлагагүй бүх нийтийн хэл юм. Сүүлийн есөн жилийн хугацаанд Монгол Улс болон НордАрт үзэсгэлэнгийн хоорондын хамтын ажиллагаа хэрхэн цэцэглэн хөгжиж байгааг хараад үнэхээр их урам зориг авч байна” гэв.
Мөн НЗД-ын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Энэхүү олон улсын уран баримлын симпозиумын арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-тэй уялдан холбогдож байгаа бөгөөд цаашид олон жил зохион байгуулагдана гэдэгт итгэж байна. Эдгээр бүтээлүүд нь улаанбаатарчуудын нүд, сэтгэлийг баясгаж, нийслэл хотын гудамж, зам талбайг чимэхээр болж байгааг харахад таатай байна” гэлээ.
Энэ жилийн “МонголианАрт” уран баримлын симпозиумын үзэсгэлэнд Монгол, Герман, Итали, Испани, Болгар, Эстони, Өмнөд Солонгос зэрэг долоон орны есөн уран бүтээлч оролцож байгаагаас симпозиумын үеэр зургаан уран барималч Монголын байгалийн боржин чулуу, ган, төмрөөр томоохон бүтээлүүдээ туурвиж, гурван уран бүтээлч нь бэлэн бүтээлээрээ үзэсгэлэнд оролцож байна.
Үзэсгэлэнгийн куратороор О.Оюунтуяа, Ц.Солонго нар хамтран ажилласан бөгөөд ХААН цамхгийн гадна талбайд байршсан томоохон бүтээлүүд болон ХААН Галерейд тавигдсан уран бүтээлүүд нэн орчин үеийн баримлууд нийтийн хүртээл болж байгаагаараа онцлог боллоо. Уран бүтээлчид Монгол орны байгалийн сайханд онгодоо хөглөн, түүх соёлоос төрсөн сэтгэгдэл мэдрэмжээ өөрсдийн бүтээлдээ шууд тусган буулгажээ. Өмнөд Солонгосын уран бүтээлч Ёнгсун Жан “Надад Монгол гэхээр хамгийн түрүүнд хээр тал, салхи, элсэн цөл, нарны хурц туяа санаанд ордог. Би энэ удаагийн Монгол дахь симпозиумд эдгээр төсөөллөө ашиглан “Шиморин Бризз” сэдэвт бүтээлээ туурвиж байна. Говь хэмээх хязгааргүй элсэн цөлд сэвэлзүүр салхи эрх дураараа хийсэж буй ийм дүрслэлийг өөрийн жижиг ган цагариг холбоос бүхий бүтээлээрээ илэрхийлэхийг хичээлээ” хэмээв.
Болгарийн уран бүтээлч Лилия Поборникова “Би Монголд анх удаа ирээд байгалийн сайхан орчинд ажиллаа. Миний баримлын нэр бол “Уулзвар”. Хоёр төрлийн дүрсийг зохицуулж хослуулснаар бид амьдралдаа янз бүрийн сонголт хийж төрөл бүрийн зам жимийг гаргадаг гэсэн утга агуулсан. Миний бүтээл анхны загвараасаа өөрчлөгдсөн. Учир нь хүрээлэн буй орчноосоо өөр онгод мэдрэмж аваад түүнийгээ бүтээлдээ шингээж бүтээлийнхээ анхны санаагаа өөрчлөн, авчирсан загвар моделиосоо ялгаатай болсон” хэмээн бүтээлүүдийнхээ туурвилын талаар хуваалцсан юм.
МонголианАрт олон улсын уран баримлын симпозиум нь Монгол Улсын ба олон улсын шилдэг уран бүтээлчдийн хоорондын мэргэжлийн туршлага, соёлын солилцоо, оюутан залуучууд, иргэдэд урлаг соёл, гоо зүйн боловсрол олгох, мөн гадаад сурталчилгаа, соёлын аялал жуулчлалд хувь нэмэр оруулж олон улсын уран бүтээлчид болон НордАрт-ын Зүүн Өмнөд болон Төв Азийн жуулчид, үйлчлүүлэгчдийн урсгалыг Монгол улс руу татах онцгой ач холбогдолтой.
“МонголианАрт” олон улсын уран баримлын симпозиумын үзэсгэлэн нь ХААН Банк цамхгийн олон нийтэд нээлттэй орчинд, харин НордАрт-ын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Хаан Галерейд 9-р сарын 30-ыг хүртэл олны хүртээл болно. Уран бүтээлүүд дээр байршигдах Dynamic QR код бүхий интерактив коммуникаци сурталчилгаагаар дамжуулан уран нбүтээлийн тухай бүхий л талын мэдлэг, мэдээллийг англи болон монгол хэл дээр авах боломжтой.
Энэхүү арга хэмжээ нь 2024 онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа үүсэж хөгжсөний 50 жил, НордАрт, Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны 10 жилийн ойг тус тус угтан зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2024 оноос эхлэн Монгол Улсад цаашдаа гурван жил тутамд зохион байгуулагдана.