Хятад шумбагч онгоц илрүүлэгч төхөөрөмж туршив

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 31

 

Хятадын эрдэмтэд шинэ үеийн харилцаа холбооны технологи дээр суурилсан шумбагч онгоц илрүүлэгч дэлхийд анхны төхөөрөмжийг туршсан тухай “South China Morning Post” хэвлэл мэдээлжээ.

Туршилтад оролцсон эрдэмтдийн ярьснаар, терагерц төхөөрөмж задгай далайд нам давтамжийн дууны эх үүсвэрээс гарах маш бага чичирхийллийг илрүүлсэн байна. Терагерц технологи нь мэдээллийг өндөр хурдаар дамжуулах, харилцаа холбооны шинэ үеийн 6G технологийг хөгжлийг түргэтгэх зорилготой. Туршилтыг Шар тэнгист явуулжээ. Цэргийн салбарын эрдэмтэд шумбагч онгоцноос гардаг дуу чимээг дуурайлгасан хиймэл эх үүсвэрийг ашигласан байна.

Эрдэмтдийн тайлбарласнаар, шумбагч онгоц өндөр хурдаар явах үед гарах дуу чимээ усны мандалд тархаж, чичирхийлэл үүсгэдэг байна. Усны мандалд хүрэхдээ чичирхийлэл маш сул болдог тул далайн давлагаанаас ялгах боломж байгаагүй аж. Туршилтын үед терагерц төхөөрөмжийн тусламжтай 10-100 нано метрийн амплитуд бүхий чичирхийллийг илрүүлж чаджээ. Энэ төхөөрөмжийг дронд суурилуулах, бичил долгионы радар, лазер зэрэг шумбагч онгоц илрүүлэгч бусад аргатай хослуулан ашиглах боломжтой гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top