Эрчим хүчээ хэмнэж ЭХ ДЭЛХИЙГЭЭ хайрлаарай

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 06

 

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ НЬ ЯАГААД ЧУХАЛ БАЙДАГ ВЭ?

Та, Бидний хэрэглэж буй цахилгаан, дулааны эрчим хүчийг нүүрс шатаах замаар үйлдвэрлэдэг бөгөөд нүүрс шатаах явцад агаар мандалд ХҮЛЭМЖИЙН ХИЙН нэгдлүүд цацагдах процесс явагддаг нь ДЭЛХИЙН ДУЛААРАЛ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН суурь шалтгаан болж байна.

Хүн төрөлхтний өмнө тулгарч буй уг сорилтыг давахын тулд СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ-ийг хэрэглэх, нүүрсний цахилгаан станцаас татгалзах үйл явц хүчтэй өрнөж байна. Мөн үүний зэрэгцээ ЭРЧИМ ХҮЧИЙГ ХЭМНЭХ хөдөлгөөн, бодлого шийдвэрийг улс болгон гаргаж ҮЙЛДВЭРЛЭЛ, ХЭРЭГЛЭЭНИЙ ҮР АШИГ-аа сайжруулах замаар дэлхийн дулаарлын эсрэг тэмцэж байна.

ЯМАР ХЭРЭГСЭЛ ХАМГИЙН ИХ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАДАГ ВЭ?

Өвлийн улиралд таны байшинг халаахад маш их эрчим хүч хэрэгтэй. Цонхоор бус халаагуур /радиатор/-ын тохируулгаар өрөөний хэмийг тохируулах нь томоохон хэмнэлт болж чадна.

Таатай орчинд ажиллах, амьдрах нь наад захын хэрэцээ хэдий ч агааржуулагчийн оронд сэнс ашиглаж цахилгааныг хэмнэж чадахын зэрэгцээ агааржуулагчид ашигладаг ОЗОН задалдаг бодисын хэрэглээг бууруулж чадах юм.

УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ гэдгийг байнга санаж, ванныг биш, шүршүүрийг сонгож байгаарай. 5 минут шүршүүрт ороход ванны 1/3 тэнцэх хэмжээний ус ордог. Энэ нь ус халаах эрчим хүчийг мөн хэмнэж байгаа хэрэг юм.

Шинэ хүнс эрүүл явах баталгаа тул хөргөгчийг бид 15-20 жил унтраалгүй хэрэглэдэг байна. Тиймээс эрчим хүчний үр ашигтай А+++ шошго бүхий хөргөгчийг сонгож байгаарай.

Телевизор, компьютер, DVD тоглуулагч, богино долгионы зуух, цэнэглэгч, WIFI-гурвалсан үйлчилгээний төхөөрөмжийг тэжээлээс салгахгүй бол эрчим хүч хэрэглэсээр л байдаг. Цахилгаан тэжээлээс салгах тухай эрэгцүүлж нэг бодоорой.

Хоолны сав хүртэл эрчим хүч хэмнэдэг Та мэдэх үү. Цахилгаан зуухны шугам гэмтэлтэй, савны ёроол нь жигд биш, савны ёроолын диаметр нь ширэмнийхээс бага бол цахилгаан эрчим хүчийг 40-60%-иар илүү зарцуулдаг.

Хоол, ундыг буцалсны дараа цахилгаан зуухны температурын шатлалыг бууруулах, хоол бүрэн болохоос өмнө цахилгаан зуухыг тасалж үлдэгдэл дулааныг ашиглах, савныхаа тагийг тавих зэргээр хоол хийхэд зарцуулах эрчим хүчийг 15-40 % хэмнэж болно.

Бусад эрчим хүч их ашигладаг хэрэгсэлд ус халаагч, хувцас хатаагч, аяга таваг угаагч, богино долгионы зуух орно.

Цоорхой саванд ус хийгээд үзээрэй хэзээ ч дүүрэхгүйг Та анзаарна. Дулааны алдагдал ихтэй барилгад тухтай амьдрах талаар бүү бодоорой. БАРИЛГАА ДУЛААЛ, ЗАРДЛАА БУУРУУЛ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top