Ч.Жачин: Д.Нацагдорж судлал түүнийг амьд байх үеэс эхэлсэн

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 11 сарын 10

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний  117 жилийн ой энэ сарын 17-нд тохионо. Энэ өдрийг угтан Д.Нацагдорж судлаач, доктор, профессор Ч.Жачинтай ярилцлаа. 


-Д.Нацагдорж судлал манайд хэзээнээс өрнөв. Өнөөдрийг хүртэл бид тэр хүнийг хэр  бодитой судалж, үнэлж дүгнэж ирсэн юм бэ?

-Д.Нацагдоржийн судалгаа түүнийг амьд байх үеэс эхэлж, 1937 оны долдугаар сарын 13-нд нас барснаас нь хойш тодорхой хэмжээнд өргөжин үргэлжиж ирсэн. Ер нь түүнийг амьд ахуй цагт нь сайн зохиол бүтээл туурвилаа гэж үнэлсэн зүйлүүд байдаг.Жишээлбэл, МАХН-ын IX их хурлын илтгэлд Д.Нацагдоржийн “Миний нутаг”, “Үзэгдээгүй юм” зохиолыг шинэ цагийн сайн зохиолууд гэж үнэлж тэмдэглэсэн байдаг. Тэр нь ч аргагүй. Яагаад гэвэл, Д.Нацагдорж 1934 онд “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн зохиол бичиж, түүнийг нь Д.Намдаг гуай найруулж, “Бөмбөгөр ногоон” гэж нэрлэгдэж байсан театрт анх тавьсан. Тэр үедээ Монголын урлаг соёлын амьдралд маш том эргэлт болсон. Яагаад гэвэл, түүнийг хүртэл тийм сонирхолтой бүтээл театрын тайзнаа тавигдаагүй. Д.Нацагдоржийг үнэлсэн анхны шийдвэр 1934 онд өөрийг нь амьд ахуйд ингэж гарсан. Түүнээс хойш түүний бүтээлийг үнэлж цэгнэх явдал өргөжсөн. Бас дайрч, доромжлох явдал ч их байсан.

-Түүнийг дайрах, доромжлох явдлын гол нь юу байсан юм бол?

-Тэр үед зохиол бүтээл нь алдаршихын хажуугаар түүнд атаархаж хорссон, нөгөө талаар ойлгохгүй хүмүүс байсан шиг байгаа юм. Яагаад ойлгохгүй байв гэвэл, тухайн үед ард гаралтай хүмүүс үнэ цэнэтэй юм шиг ойлгогддог байж. Тиймээс намтар, хувийн мэдээллээ бичихдээ яс үндэс гэдэгт халх юм уу дөрвөд, язгуур угсаа гэхээр ард гэж бичихээр жигтэйхэн их үнэ цэнэтэй хүн болдог байж. Гэтэл Д.Нацагдорж өөрийн намтарт үеийн үед бичихдээ язгуур угсаа гэхээр тайж, овог гэхээр боржигон Нацагдорж гэж бичдэг. Ямагт түүнээсээ ухраагүй.  Боржигон гэдгийн цаана Чингис хаан гэсэн юм явж байгаа, тайж гэдгийн цаана язгууртан гэдэг зүйл яваа. Тиймээс 1930-аад оны үед нийгмийн дунд хамгийн муу хэлэгдэх, муугаар үзэгдэх хүмүүсийн тоонд Д.Нацагдорж орж байсан. Тиймээс шүүмжлэгч Дашням гэдэг хүн “Хавар” шүлгийг нь “Энэ бол феодлуудын гунихарсан сэтгэлийн илэрхийлэл. Шинэ цагийн залууст буруу суртал” гэх мэтээр дайрч доромжилж байсан. 1937 онд түүнийг нас барахад төр,засгийн зүгээс анхаарал тавиагүй. Олон хүн гавьяат, тэргүүний гэхчлэн цол, зэрэг авчихсан байсан боловч Д.Нацагдоржид тийм шагнал, урамшуулал өгөөгүй. Учир нь тайж хүнд өгч болохгүй байж. Харин Хөхдэй гэдэг хүн нас барсаны нь дараа  сайн зохиолч нас барлаа гэсэн утгатай эмгэнэлийн бичиг гаргасан байдаг.Тэр хүн Эвлэлийн төв хороонд ажиллаж байсан бичгийнх нь  хэв гоё хэлбэртэй нэгэн байсан гэдэг. Д.Нацагдоржийг нас барснаас хойш 7-8 жил чимээгүй, бараг түүнийг мартах маягтай явсан байдаг. 1945 онд МЗЭ-ээс 14 бүтээлийг нь багтаасан, бие даасан түүврийг гаргасан. Түүнд ихэнхдээ сонин, сэтгүүлд нийтлэгдсэн зохиолыг нь багтаасан. Өмнө нь академич Ц.Дамдинсүрэн гуай үг бичихдээ “Шинэ цагийн ууган зохиолч” гэж нэрлэсэн нь маш олон чухал санааг илэрхийлсэн байдаг.

-Тухайлбал?

-Нэгдүгээрт, Дашдоржийн Нацагдорж бол Монголын сонгодог зохиолч мөн гэсэн санааг гаргаж тавьсан. Хоёрдугаарт, түүнээс үлдсэн бүх өвийг цуглуулж, судалж үзэх ёстой гэсэн санааг хэлсэн. Гуравдугаарт, зарим зохиолын ур чадвар, уран сайхны онцлогийг тайлбарласан. Жишээлбэл, “Миний нутаг” шүлгийн тухай “...энэ зохиолыг уншихад Монгол орноор эгшин зуур аялаад ирсэн мэт сэтгэгдэл төрнө” гэсэн байх жишээтэй.  Магадгүй тэр үг цаашид Д.Нацагдоржийг судлах, сонирхох үүд хаалгыг нээсэн чухал алхам болсон гэж би боддог. Түүнээс хойш 1955 онд Д.Нацагдоржийн дараагийн түүврийг гаргахдаа үзэл суртал орж зохиолуудыг нь засч, хасч хэвлэсэн. Түүний анхны түүвэр гарсан цагаас эхлэн Балдангийн Содном гэж хүн гар бичмэл, өв санг нь цуглуулж, сонирхож судлах ажлыг хийсэн байдаг. Гар бичмэлүүдийн өвийг Д.Нацагдоржийн шавь, түүхийн тасагт хамт ажиллаж байсан Ш.Нацагдорж гэдэг хүн хадгалж байгаад Хэл зохиолын хүрээлэнд өгсөн. Судлах материал нь ингэж бий болсон. Нөгөө талаас, судлаач бий болсон. Тиймээс 1955 онд түүнийг судлах суурь маш сайн тавигдаж, үр дүнд нь 1961 онд 100 гаруй бүтээл бүхий Д.Нацагдоржийн зохиолын гурав дахь түүвэр гарсан. Тэр түүврээр нь шинэ цагийн уншигчид хүлээж авч, мэддэг бол­сон. Судалгааны хүрээнд ч гэсэн 1961 оны түүврээр орж ирсэн.

-Энэ судалгааг  ямар хүмүүс хийж ирэв?

-Монголд Б.Содном, Л.Балдан, С.Лочин нарын эрдэмтэн, судлаачид,  дээр нь Европ дахин, тэр байтугай Вьетнамд судалж,  Орост түүнийг дагнан судалдаг эрдэмтэд гарсан. Ийм байдлаар 1990-ээд онтой золгосон. 1990-ээд оноос хойш Д.Нацагдоржийг янз бүрээр хэлэх явдал бас гарсан. “Учиртай гурван толгой” дуулалт жүжиг өнөөдрийг хүртэл театрын тайзнаа амьдарч байна. Тухайлбал, түүнийг орчин үеийн шаардлагыг хангахааргүй зүйл туурвиж байж гэж үзэхээр зүйл ч ярьж байв. Гэсэн ч өнгөрсөн 20 гаруй жилд түүнийг хэн дуртай нэгэн үнэлээд байхаар биш гэдгийг орчин цагийн судлаач, зохиолчид ойлгодог болжээ. Тиймээс “Миний нутаг” шүлгийг нь ХХ зууны манлай яруу найргаар тодрууллаа. “Учиртай гурван толгой” дуулалт жүжиг өнөөдрийг хүртэл театрын тайзнаа амьдарч байна.

-Д.Нацагдорж яагаад ийм мундаг, тодруулбал сонгодог зохиолч, монголчуудын хувьд оюун санааны эрхэм тэнгэр нь юм бэ?

-Түүний зохиол бүтээлийг сайн үзэж судлах юм бол хүний амьдрал, эрүүл мэнд, үзэл бодол, эх оронч үзэл санаа, ухамсар гэх мэт хүнтэй холбоотой бүх зүйлийг тусгасан. Ингэхдээ  маш өндөр ур чадвартайгаар тусгасан байдаг.

-Түүний бүтээлд сүүлийн үеийн шинэ соргог  үнэлгээг хэн өгсөн бэ?

-Судлаач Я.Ганбаатар Д.Нацагдоржийн өгүүллэгүүдийг “Яруу өгүүлэг” буюу өрнө дахин болоод дорно дахинд байдаг нэг талаас харвал өгүүллэг, нөгөө талаас харвал яруу найраг шиг тийм бүтэц байгууламжтай, ур чадвартай зохиолууд юм байна гэж тодорхойлсон байдаг.Жишээлбэл, “...Хөдөөгийн байдал шалдар булдар. Цагийн аяс ороо, бусгаа...” гэхээр өөрийн гэсэн хөг, хэмнэл, хайрцагласан байдал анзаарагдана. Бүх өгүүллэг нь үйл явдал,  дүр дүрслэл, санаагаараа өгүүллэгийн хэмжээнд хүрсэн, хэлбэрийн хувьд яруу сайхан, хөгжимлөг. Тиймээс үе үеийн уншигчид зохиол бүтээлийг нь цээжээр мэддэг. Сайн зохиолчийн бүтээлийг цээжээр мэдэх хоёр талтай л даа.

-Тэр нь сайн уу, муу юу?

-Цээжээр мэдэх нь бахархалтай. Тухайлбал, “Өтгөс өвгөд эрүүл бол нас бартал амар. Амар байж нөхчвөл орчлонд төрсний гавьяа” гэх мэтээр хүний амьдралыг хэлсэн байдаг. Хүн орчлонд амьдрахдаа эрүүл байвал төрснийх нь утга учир тэнд байна гэсэн утгатай. Нөгөө талаас, Д.Нацагдоржийн тухай ярьж, бичихдээ цээжинд байгаагаараа биччихдэг. Тэгэхээр утга санааг нь гуйвуулах, өөр болгох зүйлүүд их гардаг.

-Та жишээ хэлээч?

-Хүмүүс их иш татах дуртай “Өсөхөөс сурсан үндсэн хэл, мартаж болшгүй соёл. Үхтэл орших төрөлх нутаг, салж болшгүй орон” гэсэн мөрүүд “Түүхийн товч” зохиолынх нь төгсгөлд бий.  “Өсөхөөс сурсан үндэсний  хэл, орхиж болшгүй соёл” гэдгийг хүмүүс “мартаж болшүй соёл” гээд тогтоочихсон байдаг. Бичихээрээ мөн тэгж бичдэг. Зохиолч нь ур чадвартай, бүтээл  нь хүний сэтгэлд орчихдог, тэгэхдээ санамсаргүй буруу тогтоочихоор алддаг.  Д.Нацагдорж гуайнхаар, миний ойлгосноор бол хэлээ хүн мартана гэж байдаггүй. Ж.Лхагваагийн нэг зохиолд бөмбөгөнд цохиулж хэлээ мартсан хүний тухай гардаг. Түүнээс өөрөөр хүн болж төрөөд өсөхдөө сурсан хэлээ мартдаг хүн гэж огт байхгүй. Харин хэлээ мэдэж байгаа боловч орхиж хойш тавиад өөр хэлээр ярих явдал байдаг. Монгол хэлээ халтар хултар болгоод хаячихсан байх нь ч бий. Тийм учраас “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл” гээд явж байх жишээтэй. Бас нэг гайхамшигтай мөрүүд бол “Алтан нарны туяанд энхжин тогтносон орон. Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар” гэж бий. Энхжих, мөнхжих гэдэг хоёр үг манай “Төрийн дуулал”-д хүртэл ороод ирсэн байгаа юм. Тэгэхээр “Алтан нарны туяанд энхжин тогтносон орон. Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар” гэдэг магадгүй “Төрийн дуулал”-д байхаар хэмжээний шахуу үг байх нь байна шүү дээ. Энхжин тогтносон гэдэг нь түүхийн урт хугацааг нь, тусгаар тогтносныг хэлж байгаа юм. Мөнхжин гялалзсан газар гэдэг нь үеийн үед байж байх ёстой гэсэн санаа юм. Гэтэл үүнийг хүн халтар хултар тогтоохдоо “Алтан нарны туяанд энхжин тогтсон орон. Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар” гээд цээжилчихдэг. Тогтносон орон, тогтсон орон гэдэг утгын хувьд өдөр, шөнө шиг ялгаатай. “Алтан нарны туяанд энхжин тогтсон орон” гэхээр хөгжим нь хүртэл байхгүй. Дээр нь тусгаар тогтносон гэсэн утга нь алдагдаж, нэг юман дээр хэзээ мөдгүй дэнжигнэж байгаа утгыг илэрхийлж байгаа. Хүмүүсийг буруушаах аргагүй. Зохиолч нь ур чадвартай, бүтээл  нь хүний сэтгэлд орчихдог, тэгэхдээ санамсаргүй буруу тогтоочихоор алддаг. Иймд би  Д.Нацагдоржийн зохиол бүтээлийг тогтоохдоо нарийн нягт хандаж байгаасай гэж хүсэж мөрөөдөж, хэлж ярьж, бичиж явдаг даа.

-Та өөрийнхөө судалгаанаас сонирхуулахгүй юу?

-Би 1976 оноос хойш Д.Нацагдоржийн гар бичмэлүүдийг судалсан. Өдгөө 46 жил болох гэж байна. Энэ хугацаанд зөвхөн гар бичмэл төдийгүй, хамт амьдарч байсан, үерхэж нөхөрлөж явсан  хүмүүстэй уулзаж, нутаг орноор нь явж, тэр хүн зохиолоо яаж бичиж байв гэдэг талаас судалсан. Жишээлбэл, “Дөрвөн цаг” мөчлөг шүлгийг үе үеийн бүх хүүхэд  “Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар” гээд тогтоож ирсэн. Энэ шүлэг их  гүнзгий утга агуулгатай, зохиолч тухайн үед нийтэд ил хэлж болохооргүй зүйлийг хэлсэн гэж боддог. “Мөнх тэнгэр” гэдэг Чингис хааны шүтлэг. Тэр нь монгол хүн бүрийн шүтлэг байж. Тэгэхээр “Мөнх тэнгэрийн дор Монголын орон” гэдэг санааг авчирч тавьсан. “Мөнх тэнгэр” гэдгийг Манжийн үеэс монголчууд ярьж, бичихээ байгаад хоригдсон байсныг 1935 онд Д.Нацагдорж зоригтойгоор гаргаж тавьсан байгаа юм.

-Д.Нацагдорж судлалын цаашдын чиг ханд­лагын тухайд та юу хэлэх вэ?

-Ганц Д.Нацагдорж гэх юмгүй уран зохиолын амьдрал, ялангуяа судалгаа, шинжилгээний ажил ажин түжин маягтай байх болсон. Тэр нь санамсаргүй зүйл бас биш байх. Сайн бичиж, задалж нягталж байгаа залуус бий. Дээр нь бас хэд хэдэн асуудал байгаад байдаг. Социализмын үеийн судалгаа, шинжилгээний ажил тогтсон хэв маягтай. Нам, засгийн бодлоготойгоо уялдуулах, социалист үзэл санаатайгаа харьцуулдаг, түүний зэрэгцээ зохиолчийн ур чадварыг харах зүйлүүд хийгдэж байж. Одоо тэр маягаар явах боломжгүй. Тиймээс мухардалд  орж байна гэж болохоор. Нөгөө талаас, орчин цагийн зохиолыг хийхэд зохиолоосоо олон зохиолчтой болжээ. Тэр бас сайн хэрэг. Түүний хажуугаар зохиол нийтийн хүртээл болохоос өмнө шүүгдэх тунгаагдах зүйлгүй болсон. Гэхдээ сайн зохиолууд бас гарч байна. Миний хувьд сайн зохиол унших гээд үзэхээр найруулга нь болж өгөхгүй, үг үсгийн түмэн алдаатай байх юм. Тэр нь сэтгэл хөдөлж  тухайн зохиол руу  орох гэж явсан зүйлийг саармагжуулчих юм. Дээр нь нэмж хэлэхэд, сонирхолтой зохиол бичсэн хүн түүнийгээ үнэлүүлж хэдэн төгрөг олоод авдаг байх. Судлаач, шүүмжлэгч ном бичихээр хэн авах вэ. Тэр нь судалгаа, шинжилгээ урагшаа явахад саад болоод байгаа тал бий. Тэр дундаа Д.Нацагдорж судлал тасалдах аюул байна. Энэ харамсалтай явдлын бурууг өмнөх үеийн судлаачид хүлээнэ. Тухайлбал, би байна, бас Л.Балдан гуай, магадгүй С.Лочин гуайтай ч холбоотой байж магадгүй. Гарын шавь, судлаач бэлдсэнгүй. Цаашид Д.Нацагдорж судлаач миний дараа үеийн, шинэ  хүн гарч ирээсэй. Шведээс гэхэд л Д.Нацагдоржийн тэмдэглэлийн дэвтэр, зураг зэрэг шинэ баримтууд гарч ирж байна. Цаашид Шведэд гарч түүнийг судлах, магадгүй Германд лавшруулан судлах, Хятадад судлах шаардлага бий.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.161.13) 2023 оны 11 сарын 11

Bayarlalaa ta sain shavitai bolooroi

1  |  0
Top