Нээлттэй сонсгол ба ИЛ БОЛСОН БАРИМТУУД-IV

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 12 сарын 11

Арванхоёрдугаар сарын сэдэв - НҮҮРСНИЙ ҮНЭН

“Эрхэт Монгол” медиа группийн редакциуд “Нэг сэдэв - Нэг сар” хөтөлбөрийнхөө хүрээнд арванхоёрдугаар сарын турш “Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт”-ын асуудлыг хөндөн, “Нүүрсний үнэн” сэдвийг онцолж байгаа билээ. 

Сарын эхний өдрүүдэд бид Төрийн ордонд болж буй УИХ-аас байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол”-ын эхний хэсгийг энэ долоо хоногийн турш сурвалжлан, ТВ8 телевиз, Zindaa.mn сайтаар шууд дамжуулан ажиллалаа. 

Үргэлжлүүлэн ТВ8 телевиз, өдөр тутмын “Өглөөний сонин”, мэдээллийн Zindaa.mn сайт “Нүүрсний үнэн” сэдвийн хүрээнд энэ сарын турш олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлсэн, шийдэл хайсан мэдээ, мэдээлэл, нийтлэл, сурвалжилгыг уншигч, үзэгчдэдээ онцлон хүргэх болно.

 

Нээлттэй сонсгол ба ИЛ БОЛСОН БАРИМТУУД-I

Нээлттэй сонсгол ба ИЛ БОЛСОН БАРИМТУУД-II

Нээлттэй сонсгол ба ИЛ БОЛСОН БАРИМТУУД-III

БАРУУН ЦАНХИЙН 800 ТЭРБУМЫН ТЕНДЕРИЙГ Х.БАТТУЛГА, З.ЭНХБОЛД, А.ГАНСҮХ НАРЫН  ТҮНШЛЭЛ АВЧЭЭ

“Нүүрсний хэрэг”-ийн нээлтэй сонсголын нэгдүгээр үе /2023.12.07/ дөрөв дэх өдрөө нотлох баримт,  хяналт шалгалтын тайлан, шинжээчийн дүгнэлтийг  хэлэлцүүлж  дууслаа. Хоёр дахь үе шат энэ сарын 18-22-ны өдрүүдэд товлогджээ.

Тус сонсголд  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд 83 гэрч дуудсан юм.

Үүнд:

1. Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг, "Элгэн" ХХК, 2019

2. Уурхайн нүүрсний дээжийн шинжилгээ хийх /3,800,480.00/ "Алс групп" ХХК, 2019

3. Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэх, "Хуа Еэ Интернэшнл" ХХК, 2022

4. Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн ажлын гүйцэтгэгчийг сонгох, "Мон каротаж" ХХК, 2020

5. Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэх, "Майнс ап" ХХК, 2022

6. Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогч, багц, Өрөмдлөг тэсэлгээ, "Спейшл майнинг" ХХК, 2019

7. "Моннис Интернэшнл" ХХК

8. "Таван Толгой Оператор түншлэл"-ийн

ŸМонгол майнинг энд эксплорэйшн ХХК

ŸОвоот толгой ресурсес ХХК

ŸЭрдэс майнинг оператор ХХК

ŸПлатинумланд ХХК

9. “Голден Лайт Групп” ХХК

10. “Ханзол” ХХК

11. “Түм арвижих” ХХК

12. “Анверса” ХХК-ийн асуудлыг хэлэлцлээ.

БАРУУН ЦАНХИЙН УУРХАЙН  ХӨРС ХУУЛАЛТЫН 800 ТЭРБУМЫН ТЕНДЕРИЙГ Х.БАТТУЛГА, З.ЭНХБОЛД, А.ГАНСҮХ НАРЫН ТҮНШЛЭЛ АВЧЭЭ

Шинжээчийн танилцуулснаар: ЭТТ ХК 799 тэрбум 131 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий Цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн зарласан байдаг. Тус тендер нийт гурван ч удаа зарлагдсаны эцэст Тавантолгой оператор түншлэл шалгарсан аж. Үүнийг нягтлаад үзэх юм бол уг түншлэл тендерт ороод шалгарахгүй бол шүүхэд өгчихдөг. Эргээд тендер зарлахаар охин компаниудаараа  удаа дараа орж байсан болон шүүхээр шийдүүлж тендер авч байсан уу гэдэг асуулт энд гарч байна. Тэгэхээр дараагийн сонсголд илүү тодорхой мэдээллүүд гарна гэсэн хүлээлт үүсээд байна.
 


Шинжээчийн дүгнэлтийн дараа тус түншлэлд оролцсон компаниудын эзэмшигчдийн хамаарлыг Түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулсан. Энэ мэдээллээр ЕТГ-ын дарга асан З.Энхболдын дүү З.Хишигтогтох, ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан А.Гансүх, Ерөнхийлөгч асан Х.Баттулга ба түүний гурван хүүхдийн хувь эзэмшдэг компани, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн дүү Ш.Болдхуяг, ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн дүү Д.Амар нарын хувь эзэмшиж, үүсгэн байгуулж байсан компаниудын хамаарал тогтоогдсон гэв.

"ЭЛГЭН" ХК ТЕНДЕРТ 14 УДАА ШАЛГАРЧ, “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-ТОЙ 28.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

Түүнчлэн "Тавантолгой"-н ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг, "Элгэн" ХХК-ийн талаарх мэдээллийг сонсоход "Элгэн" ХК нь 2007 онд байгуулагдсан. Усан хангамж, худгийн засвар, угсралт, геологи хайгуулын өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн өрөмдлөгийн ажлын тендер шалгаруулалтад нийт 14 удаа шалгарч 28.819.343.690 төгрөгийн гэрээ байгуулжээ. Ингэхдээ тус  компани 2022 оны аравдугаар сард онцгой дэглэм тогтоож БЭТ томилохоос ганцхан өдрийн өмнө Тавантолгойн Цанхийн уурхайд хайгуулын ажил явуулах 69 тэрбумын төрийн нууцад оруулсан гэрээг Б.Ганхуягтай байгуулжээ. Тэгвэл  одоогийн удирдлагууд нь “Хууль бус гэрээ байа” хэмээн цуцалж,  гүйцэтгэл байхгүй гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулахаар өгснөөр дээрх мэдээллүүд ил болжээ. Өөрөөр хэлбэл, БЭТ томилоогүй бол дээрх асуудал илрэхгүй байж гэсэн дүгнэлтийг хийж болох юм. Тэгвэл  "Монкаротаж" ХХК мөн  2.7 тэрбум төгрөгийн гэрээг ЭТТ-той  байгуулсан нь нотлох баримтаар танилцуулагдсан. Тус компанийн  хувьд  2006 онд байгуулагдсан. Эрэл хайгуулын, цооногуудад каротажийн судалгаа явуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тус компани "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Хайгуулын цооногийн геофизикийн тендер шалгаруулалтад нийт есөн  удаа шалгарч 2.7 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж байжээ.

 

Б.Энхбаяр: Би "Нүүрсний сонсгол"-ыг зогсоох гэсэн аливаа санаархалд автахгүй, зогсохгүй

Нүүрсний сонсголын үеэр Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "УИХ-ын гишүүн А.Адьшаа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, шүүгдэгч Б.Ганхуягийн ар гэрийнхнийг Төрийн ордонд оруулж ирж, миний эсрэг улс төрийн акц хийсэн. Сонсгол бүхэлдээ үр ашиггүй, үр дүнгүй юм байна гэдэг, сонсголыг таслан зогсоох гэсэн оролдлого хийсэн. Нүүрсчид энэ ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. А.Адьшаа гишүүн хоёр дахь сонсгол дээр дуудагдана. Энэ ажлаа одоо зогсоо. Сонсголыг таслан зогсоох гэсэн аливаа санаархалд автахгүй, зогсохгүй" хэмээн байр сууриа илэрхийлж байв. Мөн УИХ-ын гишүүн Г.Ганболд  “О.Цогтгэрэл, С.Ганбаатар, Д.Ганбат, Х.Доржханд нарын гишүүд “Нүүрсний сонсгол”-доо идэвхтэй суумаар байна. Орж ирэхээрээ л зөвхөн Б.Ганхуягийг ярьж байгаад л гараад явчих юм” гэдгийг анхааруулж байсан юм. Энэ үеэр С.Ганбаатар гишүүн, Түр хорооны дарга Б.Энхбаяр нарын хооронд маргаан өрнөсөн.

Тухайлбал,
 


-С.Ганбаатар: Хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч, гайхалтай шударга Б.Энхбаяр сайд та  Б.Ганхуягийг сонсголд оролцуулж өгөөч.

-Б.Энхбаяр: С.Ганбаатар гишүүн та гэрчээр дуудсан тогтоолыг нь аваад шүүх дээр очиж, Б.Ганхуягийг авч ирэхийг хүсье.

-С.Ганбаатар: Төрийн байгууллагууд энд байна. Б.Ганхуягийг хэзээ оролцуулах вэ. Хуульзүйн сайд нь хүсч байна шүү дээ.

-Б.Энхбаяр: Хуульзүйн сайд хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд оролцвол гэмт хэрэг болдог. Та намайг гэмт хэрэгт түлхээд байх хэрэггүй. Би угаасаа оролцохгүй гэхчлэн тэд үндсэн сэдвээс хазайн маргаж байлаа.

Ийнхүү “Нээлттэй сонсгол”-ын эхний үе шат  өндөрлөв.  Дөрвөн өдөр үргэлжилсэн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шатанд Хянан шалгах түр хорооны 2023 оны арван нэгдүгээр сарын 27-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор баталсан нотлох баримтыг шинжлэн судлах дарааллын дагуу дөрвөн сэдвийн хүрээнд 28 багц асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан юм. Дөрвөн өдрийн сонсголд нийт давхардсан тоогоор 275 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 221 (80.4 хувь) гэрч хүрэлцэн ирж оролцсон байна.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ (43.242.243.34) 2023 оны 12 сарын 11

Гэрээ хийж ажил хийсэн хүмүүсийг яах юм Цанхийн ордыг нь авсан МСS яагаад яригдахгүй байгаа юм !!!!!!

0  |  0
Zuich(86.111.136.51) 2023 оны 12 сарын 11

Ganbaatar chin no-toi hulgaich baij!Muu nunigchin

0  |  0
иргэн(202.9.46.173) 2023 оны 12 сарын 11

яасан цадаж ханадаггүй хувалзнууд вэ? бүгд хахаж үхтэл таарна!!!

1  |  0
өө(202.9.40.59) 2023 оны 12 сарын 29

Зика өөрийгөө баатар болгох гээд бсан, өөрсдөө тендэрийг нь авчихсан, аймаар юмаа.

2  |  0
Top