Ираны Зэвсэгт хүчний Исламын хувьсгалт корпус, зэвсэгт хүчний элит ангиуд Курдистаны нийслэл Эрбил болон Сирийн булаан эзлэгдсэн нутаг дэвсгэр рүү пуужингийн цохилт хийжээ.
Исламын хувьсгалт харуулын корпусын мэдээллээр Керман дахь террорист халдлагад оролцсон “Исламын улс” бүлэглэлийн террористуудын байрлал, мөн Израилийн МОССАД тусгай албаны тагнуулын төвийн объектууд руу халдлага үйлджээ. Ираны Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр эдгээр үйлдлийг Исламын бүгд найрамдах улсын бүрэн эрх, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хийсэн байна. Иракийн эрх баригчид Тегераны зүгээс хийсэн пуужингийн дайралтыг түрэмгийлэл гэж тодорхойлжээ. Багдад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд гомдол гаргах бодолтой байгаа аж. Тэгвэл Иран улс үүнийг сүүлийн үеийн гэмт хэргийнх нь хариу арга хэмжээ гэжээ.
Курдистан мужийн нийслэл Эрбил хот руу Исламын хувьсгалт гвардын корпус пуужингаар довтолсны дараа олон байшин барилга эвдэрч, сүйдсэн байна. Ираны талаас “Сүүлийн үед террорист бүлэглэлүүд гэмт хэрэг үйлдэж, Керман, Раск хотод манай нутаг нэгтнүүдийг шударга бусаар хөнөөсөнтэй холбоотойгоор Сирийн эзлэгдсэн нутаг дэвсгэрт террористуудын хэд хэдэн гол командлагч, ялангуяа “Исламын улс” бүлэглэлийнхнийг илрүүлж, устгасан. Хэд хэдэн баллистик пуужин харвах замаар ажиллагааг явуулсан” гэж мэдэгджээ.
“Аль Маядээн” телевизийн мэдээлснээр “Исламын улс-Хорасан” бүлэглэлийн дайчдын байрлаж буй Идлиб дэх хөлсний цэргийн хуаранд цохилт өгсөн бөгөөд тэднийг Америкийн цэргийнхэн сургаж, Иран, Афганистаны хил рүү зөөж байжээ. Туркестаны Исламын намын төв байр мөн пуужингийн цохилтод өртжээ.
Сануулахад, нэгдүгээр сарын 3-нд Ираны Керман хотын оршуулгын газрын ойролцоо хоёр удаа дэлбэрэлт болсон юм. Дэлбэрэлт АНУ-ын пуужингийн цохилтод өртөн амь үрэгдсэн генерал Касем Солейманигийн нас барсны дөрвөн жилийн ойд зориулсан ёслолын үеэр болсон. Хамгийн сүүлийн мэдээллээр террорист халдлагын улмаас 91 хүн амиа алдсаны хариуцлагыг “Исламын улс” террорист бүлэглэлийнхэн хүлээсэн байна.
Өөр нэг цохилтоор Исламын хувьсгалт харуулын корпусын ангиуд Иракийн Курдистан дахь Израилийн тагнуулын МОССАД албаны нэг төв байрыг баллистик пуужингаар устгасан байна. Тегераны мэдээлснээр халдлагад өртсөн байгууламж нь бүс нутагт тагнуулын ажиллагааг хөгжүүлэх, алан хядах ажиллагааг төлөвлөх төв, тэр дундаа Ираны эсрэг үйл ажиллагаатай байжээ. Мөн Ираны эсрэг террорист бүлэглэлүүд цугларсан газруудад цохилт өгсөн байна.
Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Насер Канаани “Энэ арга хэмжээ нь улс орны бүрэн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, терроризмтой тэмцэх зорилгоор хийгдсэн бөгөөд Исламын бүгд найрамдах улсын аюулгүй байдлыг зөрчигчдийг шударгаар шийтгэх үйл ажиллагааны нэг хэсэг юм” гэжээ.
Тэгвэл Иракийн аюулгүй байдлын албаны эх сурвалжийн мэдээлснээр Эрбил хотод АНУ-ын Консулын газар болон Иракийн хойд хэсэгт байрлах нисэх онгоцны буудлын ойролцоо (АНУ тэргүүтэй олон улсын эвслийн хүчнийхэн ашигладаг Харир цэргийн баазын зэргэлдээ) хэд хэдэн дэлбэрэлт болсон байна. Америкийн ABC телевиз эх сурвалжаас иш татан мэдээлснээр Эрбил нисэх онгоцны буудлын ойролцоо гурван нисгэгчгүй онгоцыг буудаж унагажээ.
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Эдриен Ватсон “Ираны алдаатай цуврал цохилтын улмаас АНУ-ын цэрэг болон эд хөрөнгө хохироогүй. АНУ Иракийн бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж байна” гэв.
Иракийн Курдистаны Аюулгүйн зөвлөл “Пуужингийн довтолгооны улмаас дөрвөн энгийн иргэн амиа алдаж, зургаан хүн шархадсан” гэж мэдээлжээ. Амиа алдагсдын дунд курд бизнесмен, “Falcon Group”-ийн эзэн Пешрав Дизайи байсан юм.
Иракийн Курдистаны бүс нутгийн засгийн газрын Ерөнхий сайд Масрур Барзани олон улсын хамтын нийгэмлэгт хандан Курдистаны ард түмэнд тохиолдож буй шударга бус явдлын талаар чимээгүй байхгүй байхыг уриалав. Тэрбээр “Эрбил дахин нэг удаа Ираны пуужингийн цохилтод өртөв. Харамсалтай нь энэхүү үндэслэлгүй халдлагаар энгийн иргэд амь насаа алдаж, шархадсан... Ирак, ялангуяа Курдистан бүс нутгийн бүрэн эрхэнд халдахын эсрэг хатуу байр суурьтай байхыг би холбооны засгийн газарт уриалж байна” гэж мэдэгдлээ.
Иракийн эрх баригчид орон сууцны барилгуудыг баллистик пуужингаар бөмбөгдөж, энгийн иргэдийн амь насыг хохироосон Ираны түрэмгийллийг хатуу зэмлэн буруутгав. Иракийн Засгийн газар энэ үйлдлийг Иракийн бүрэн эрхт байдал, ард түмний аюулгүй байдлын эсрэг түрэмгийлэл гэж үзэж байна. “Энэ нь сайн хөршийг гутаан доромжилж, бүс нутгийн аюулгүй байдалд халдсан хэрэг юм” гэж Иракийн Гадаад хэргийн яам онцлов.
Багдад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд гомдол гаргах зэрэг хуулийн бүх арга хэмжээг авах бодолтой байна. Үүнээс гадна Иракийн Гадаад хэргийн яам Элчин сайд Насир Абдул Мохсеныг Тегеранаас эргүүлэн татсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
iran uls uuruuduu bas terrorist shdaa
Iran uls uuruuduu bas terrorist shdaa