Нууцын чимээгүй манаач мэт үүлэн дунд дүнхийх Кайлас хайрхан. Гималайн өндөр уулсын ноён оргилуудын нэг. Гималайн уулсыг Энэтхэгийн хойг Евразын тэгш гадаргуутай мөргөлдсөний улмаас үүссэн гэж үздэг бөгөөд дор хаяж 30 сая жилийн настайг судлаачид тогтоосон байдаг. Кайлас уулын хамгийн өндөр цэг болох Полмапасс далайн түвшнээс дээш 6675 метр. Хар хаднаас тогтсон Кайлас уулын ширүүн, хуурай уур амьсгалтай ландшафтаар хүрээлэгдсэн өвөрмөц экологи нэн сонин.
Кайлас хайрхнаас эх авсан Инд мөрөн, Сутлеж, Брахмапутра, Карнали гэсэн Азийн дөрвөн том гол бүс нутгийн амьдрал, соёлтой салшгүй холбоотой ажээ. Манасаровар, Ракшастал нуураас эх авдаг Брахмапутра Төвөд, Энэтхэг, Бангладешийг дайран өнгөрөх замдаа Ярлунг Цанпо хэмээх их хавцлыг сүвлэн урсана. Төвөдөөр Сингги хабуб гэгддэг Инд, Сутлеж голууд Пакистан, Энэтхэгийн соёл, экологийг бүрдүүлнэ. Төвөдөөс Балба руу урсдаг том голыг Карнали гэдэг. Эдгээр ариун голын бэлчир Кайлас уулсын бүс нутагт өвөрмөгц соёл, байгаль экологийг бүрдүүлдэг юм.
Манай орчин үеийн уншигчид Кайлас уулын талаар Оросын нүдний эмч, судлаач Эрнест Мулдашевын бичсэн Төвөд судлалтай холбоотой цуврал номоос нь илүү их мэддэг болсон болов уу. Э.Мулдашевын цувралын хоёрдугаар боть “Бурхдын хотын эрэлд” номд есөн давхар хас тэмдгээс бүрдсэн гэгддэг Кайлас уулыг дэлхийн төв буюу умард туйл байсан тухай өгүүлдэг. Дэлхийн төв гэдэг үзлийн маргаанд ариун Мекка, Иерусалим, Кайлас гурав өрсөлддөг ч аль нь дэлхийн төв болохыг яг таг нотолсон зүйл алга. Пирамид хэлбэртэй уулын талаар тоо, томшгүй олон онол, түүх домог байх ба мөн тохирсон маш олон хариулт ч бий. АНУ-ын бизнесмэн, гэвш Роач Майкл “Очир огтлогч” номдоо “Кайлас уул тэгш хэмт дөрвөн талтай. Түүнийг хэн нэгэн асар том очир огтлогчоор дээрээс нь доош чиглэлтэйгээр ямар нэгэн зөөлөн бялуу зүсэж байгаа мэт цэвэрхэн гэгч нь зүсэж тэгшилсэн хэлбэртэй” хэмээн өгүүлсэн байдаг. Орос, Америкийн шинжлэх ухааны судалгаагаар үүнийг Стоунхенж хүртэл 6666 километр, хойд туйл хүртэл 6666 километр, өмнөд туйл хүртэл 6666+6666=13332 километр байдгийг олж тогтоожээ. Нууцаар дүүрэн энэ уул бас нэгэн нууцаа эрдэмтдэд дэлгэжээ. Эрдэмтэд Кайлас уулыг байгалийн тогтоц биш хүний гараар бүтсэн пирамид гэж үзэх болсон нь таамаг төдий биш юм. Түүний эргэн тойронд байх 100 гаруй жижиг пирамидууд 100-1800 метрийн өндөртэй байдаг. Энэхүү нээлт нь Кайлас уулыг цэвэр байгалийн бүтээл гэсэн санааг үгүйсгэж байгаа юм. Хэрэв энэ нь батлагдвал эртний инженерчлэлийн талаарх бидний ойлголт өөрчлөгдөнө. Хэдийгээр онгон зэлүүд бүс нутаг ч гэлээ ан амьтан тун ховор байдаг нь гайхалтай. Энэ нь ариун дагшин газрын эрчим ан амьтдад онцгой нөлөө үзүүлдгээс болсон гэх нь бий. Гэхдээ хулан, төвөд гөрөөс, сарлаг, хун, хар хүзүүт тогоруу зэрэг амьтны цөөн төрөл зүйлээр экологи нь баяжна.
Дэлхийн дөрвөн шашны шүтээн ариун нандин хийгээд эртний түүхээр дүүрэн энэ уул тайлагдаагүй нууц, хязгааргүй олон оньсогыг хүн төрөлхтөнд тавьж тэргүүнээ үүлсийн дээр талбин ихэмсэглэх амой. Санскрит хэлээр “Болор” буюу Келаша, Төвөдөөр “Ганг ринбүүчи” орчуулбал “Цасны үнэт эрдэнэ”гэх нэртэй Кайлас хайрхныг Хиндичүүд Шива болон Парвати бурхны ариун өргөө гэж үздэг. НАСА-гийн эрдэмтдийн тэмдэглэснээр уулын баруун талд Шива бурхантай төстэй царай харагддаг. Харин Жайнизм, Төвөдийн шүтлэгт ариун нандин шүтээн гэдэг утгаараа ач холбогдолтой.
Кайлас уул Шамбалын орны домогтой ч холбогддог. Олмолунгринг, Шангри-Ла, Диваажин, Эден гэгддэг Шамбалын орны оньсого мэт оршихуй нь Гималайн нуруу, говь цөлийн хооронд буй гэх Буддизмын домог, нууцлаг оньсого сониуч хүсэлд дуудах ажээ. Хэрэв та түүний оньсого нууцыг тайлахыг хүсвэл аялалд нэгдээрэй, ариун уулын жинхэнэ мөн чанарыг нээж, Төвөдтэй танилцах боломж.
Монголчууд эрт дээр үеэсээ л сүрлэг сайхан уул, хангай дэлхийгээ шүтэн биширч, цай идээнийхээ дээжийг сүслэн өргөсөөр ирсэн ард түмэн. Хүний нутгийн дээс алхахдаа захын овоондоо аян замаа даатгадаг зан үйл одоо ч бий. Уулсын хаан Гималайн ноён оргилуудын нэг дэлхийн энергийн төв Кайлас хайрхан руу ирэх дөрөвдүгээр сарын 15-28-ны хооронд хийх аяллыг “World summit” компани зохион байгуулахаар товложээ. Эхний аяллын багийг Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын мастер Г.Өсөхбаяр удирдаж зохион байгуулан авч явахаар болоод байгаа юм. Гавьяат маань эхний багаа есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан бөгөөд Монгол Улсынхаа бэлгэдэл болсон алтан соёмбот далбаагаа авч явахаар бэлджээ.
Ариун ууланд хүрэх мөргөлчдийн зам Ямдвараас эхэлж Кайлас уулын өмнөд бэл харагдаж Дирапук хийд рүү хүргэнэ. Явган аялагчид урагшлах тусам Кайлас уулын дүр төрх өөрчлөгдөж хинду мөргөлтнүүдийн шүтээн Шива бурхны дүр төрх тодорч эхлэх ажээ. Тийм ч учраас хинду шүтлэгтнүүд сүнсний эцсийн цэг, дэлхийн төв гэж үздэг. Пуран сударт өгүүлснээр, Кайлас уулын дөрвөн нүүр нь болор, бадмаараг, алт, номин чулуугаар хийгдсэн байдаг гэнэ. Кайлас хайрхан аялагчдыг хэзээ ч сонин хачнаар уйдаахгүй. Эргэн тойронд нь байх Бурхан багшийн дүр төрх, бодьсадва ба гэгээрлийн бэлгэдлүүд, маанийн чулуу, буддын багш, даяанч нарын агуй, гэгээрэгчдийн ордон, тэднийг хамгаалах сүнснүүд. Кайлас уулын ард нар жаргах үед сэтгэл татам үзэгдэл гарч ирнэ. Бүрэнхий тэнгэрийн дор дэвсэг дээр туссан уулын сүүдэр монголчуудын оюун санаанд ач холбогдолтой тодорхой тэмдэг үзэгддэг. Энэ нь хөх Монголын эзэнт гүрний нэг бэлгэдэл хас тэмдэг юм. Тойрон гороолох 53 километр газар алхам тутамд гайхамшгууд тосно. Кайлас уул буддизмд гүн гүнзгий ач холбогдолтой. Харин монголчуудын нийтлэг сүсэг бишрэл буддын шашин. Кайласыг орчлон ертөнцийн төвд орших сансрын гэгддэг Меру уулын Ази дахь хувилбар гэх нь ч бий. Хэдийгээр газарзүйн гайхалтай өвөрмөгц тогтоц биш ч гэлээ “Орчлон ертөнцийн зүрх” зарим тохиолдолд “Орчлон ертөнцийн хүйс” гэдэг утгаараа буддизмд энэ нь хамгийн ариун нандин, дэлхий ертөнц үүссэн газар гэж тооцогддог юм. Үлгэрлэвэл христ шүтлэгтний ариун газар диваажингийн цэцэрлэг лугаа ижил.
Нууцаар дүүрэн Кайлас уул аялагчдад манай ертөнц болоод тэнгэрлэг ертөнцийн хоорондох ид шидийн мэт холбоог судлахыг урихаас гадна хүмүүн зүрх сэтгэлээ танин мэдэх, хүн гэгч бодгалын амьдралын мөн чанар юу болохыг таниулах аялал болдог гэнэ. Кора буюу бидний “Гороо” хэмээн өөриймсүүлж авсан нэр томъёо нь Төвөдөөр “Эргэлдэх” гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Энэ нь мөргөлийн үйлээс давсан бясалгал бөгөөд гэгээрэлд хүрэх оюун санааны бясалгал юм. Кайлас уулын гороо нь сүнсийг ариусгаж, оюун санааг цэвэр тунгалаг болгодог гэж үздэг. Бүтэн гурван өдрийн турш 53 километр газрыг цагийн зүүний дагуу гороолон, мөргөлчид тарни уншиж, хийморийн дарцаг өргөж (байгууллагын туг, далбаа) хүрд эргүүлэн алхана. Зам зуур тааралдах ариун дагшин газруудад мөргөл үйлдэх нь гэгээрэлд хүрэх аяллыг ойртуулах ба бурханлиг мөн чанартай амьдралд хүргэх алхам болдог байна. Материаллаг, завгүй, яаруу, уур бухимдлаар дүүрэн ертөнцөөс оюун санааны хувьд түр ч атугай ангижирч бурханлиг хүчийг олох зам бол энэ аялал юм.
Гималайн сүрлэг ноён оргилуудын хамгийн өндөр нь биш атлаа энэ уул оргил байлдан дагуулагч уулчдын эзэлж чадаагүй сүүлчийн цэг байдаг нь сонирхолтой. Эртний домогт буддын лам Миларепа оргилд нь хүрч байсан тухай өгүүлдэг. Сүүлийн үеийн шинжлэх ухааны экспедиц оргилыг эзлэх хүсэлтэй байсан боловч төвөд лам нарын зөвлөснөөр саналаасаа татгалзсан байдаг. Учир нь аялагчдыг уул руу авирахыг хориглодог гэдгийг сануулах гэсэн юм.
Бие махбодын хувьд бид мянган жилийн өмнөхөөсөө хамаагүй сул дорой болсон. Энэ нь хувьслын үе шаттай ямар ч холбоогүйд учир бий. Харин хүний оюун ухаан амьдралдаа авчирсан тав тухаас үүдэлтэй нийгмийн эмгэг юм. Тиймээс гороо мөргөлийн үндсэн санаа нь эртний нийгэмтэй харилцах орчин үеийн хүн танд хамаатай. Энэ нь таны амьдралдаа хийж чадах хамгийн агуу төлөвлөгөө ч байж мэднэ. Та эртний тансаг байдал, сүсэг бишрэл, тайлагдаагүй нууцуудтай хамт оюун санааны оронд эргэлдэх болно. Гайхамшигт ид шид, бурхдын тэнгэрлэг орон, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мянга мянган сүсэгтэн олны чин бишрэл оршдог "Сүр жавхлант Кайлас”-ын оюун санаа, түүхэн дурсгал дундаас өөрийгөө олох аялалд тань амжилт хүсье.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24586/
Сэтгэгдэл ( 0 )