Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопил, Худалдаа, эдийн засгийн хэлтсийн дарга Вардан Качатриан, Худалдаа, эдийн засгийн хэлтсийн даргын туслах Ж.Цэрэндулам нарыг Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар болон бусад удирдлагууд /2024.05.07/-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар МУ-ын Засгийн газрын тохируулагч агентлаг СХЗГ-ийн үйл ажиллагаа, цаашдын зорилго зорилтыг танилцуулж, Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 8 дугаар хуралдааны тэмдэглэлд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд хоёр улсын стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахад нээлттэй байгаагаа СХЗГ-ын дарга, удирдлагууд илэрхийллээ.
Мөн СХЗГ-ын газрын албан хаагчдыг Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ)-ын их дээд сургуулиудад хэмжил зүйн чиглэлээр богино болон урт хугацааны сургалтад хамруулах, техник тоног төхөөрөмжийг сайжруулах, шинэчлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болон Монгол Улсад явган алхалтын замын тэмдэг тэмдэглэгээг БНЧУ-ын сайн туршлагаас суралцаж сайжруулах, нэгдсэн стандарт боловсруулах, батлах асуудлаар харилцан санал солилцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудаас дурьдахад 2011-2014 онд хэрэгжүүлсэн Цаг давтамж болон уртын хэмжлийн эталон лабораторийг шинэчлэх төслүүд маш үр дүнтэй хэрэгжсэн, мөн 2015-2018 онд стандартчилал, хэмжил зүйн салбарын хууль тогтоомжийг шинэчлэхэд туршлагаа хуваалцан дэмжлэг үзүүлснийг дурьдах нь зүйтэй юм. Энэхүү уулзалтын үеэр хэлэлцсэн ажлуудыг бодитоор хэрэгжүүлэхэд Чех Улсын Стандарт, хэмжил зүй, сорилтын агентлаг (UNMZ)-тай ойр дотно хамтран ажиллах нь нэн тустай гэдгийг хоёр тал онцлон тэмдэглэсэн бөгөөд тус хамтын ажиллагааг БНЧУ-ын Элчин Сайдын Яам бүх талаар дэмжихээ илэрхийлэв.
Чех Улсын Стандарт, хэмжил зүй, сорилтын агентлаг (UMNZ) болон Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ) хооронд хэмжил зүй, стандартчилал, тохирлын үнэлгээний салбарт хамтран ажиллах санамж бичгийг 2010 оноос эхлэн байгуулан хамтран ажиллаж, тодорхой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ирсэн хамтын ажиллагааны олон арван жилийн туршлагатай юм.
Уулзалтын төгсгөлд, Элчин Сайд Ян Вытопил төлөөлөгчдийн хамтаар СХЗГ-ын Чех Улсын дэмжлэгтэй шинэчлэн сайжруулсан цаг давтамж, уртын эталон, массын лабораториудтай танилцлаа.
Сэтгэгдэл ( 0 )