ХЭН ЮУ ХЭЛЭВ I Синхрон орчуулга хэлнээсээ шалтгаалж өөр үнэлгээтэй

2024 оны 10 сарын 02

Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буланд ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос нарын хэлсэн үгээс онцолж байна.


ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ: Хамтарсан Засгийн газар саяхан Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх тогтоолоо гаргасан. Ингэхдээ ЗГХЭГ-ын дарга миний бие стратегийн орд эзэмшигч хувийн компаниудын эзэдтэй хэлэлцээр хийж төрийн хувь эзэмшлийг тогтоох үүрэг хүлээгээд байна. Хоёрдугаарт хил, хязгаар нь тогтоогдоогүй ордуудын хил хязгаарыг нь тогтоох асуудлыг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгасан. Гуравдугаарт, стратегийн ордуудын жагсаалтад нөөц нь тогтоогдсон шинэ 60 гаруй том орд байгаа атал 2007 оноос хойш тэдгээрийн шийдвэр гараагүй. Харин удахгүй бид стратегийн ордын жагсаалтыг шинэчлэх гэж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа компаниуд ч эхнээсээ гарч ирж байна.
 


Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.ЖАВХЛАН: 14 мега төслийг Монгол Улсын төсөв дангаараа санхүүжүүлэх ямар ч боломжгүй, дийлэхгүй. Тиймээс гаднын хөрөнгө оруулалтаар буюу гаднаас валют оруулж ирж байж эдгээр ажлууд хийгдэх боломжтой. Түүнээс төсөв дээр байгаа жаахан төгрөгөө валют болгоод гадагшаа гаргана гэвэл дийлэхгүй. Гэхдээ төр өөрөө барих ёстой төслүүд бас бий. Тухайлбал, Хөшгийн хөндийд барих Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний байгууламжуудыг төр өөрөө барих хэрэгтэй. Харин бусад төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл, гаднын хөрөнгө оруулалт болон бусад гадаад валютын эх үүсвэрээр барих боломжийг хангахын төлөө ажиллах юм.
 


МОНЦАМЭ агентлагийн дарга Э.СОДОНТОГОС: Орчуулагч нарын чадвар янз бүр байдаг. Хамгийн гол нь орчуулгын шүүмжийг хөгжүүлэх хэрэгтэй. Утга зохиол, албан бичиг, синхрон орчуулгын салбарын шүүмжийг хөгжүүлэх нь чухал болжээ. Орчуулагч хүн хурд, сонсох, ярих, техникийн ур чадварыг сайн эзэмшсэн байх ёстой. Мөн тухайн хэлээ маш сайн эзэмших, олон бүтээл унших шаардлагатай байна. Аман болон бичгийн орчуулагч нарын зах зээлийн үнэлгээ тухайн хамтарч буй байгууллагаасаа хамаарч өөр өөр байдаг.

Би уран зохиолын бүтээлийг бүтнээр нь хэдэн арван саяар орчуулдаг. Хэр том, хүнд бүтээл орчуулах вэ гэдгээсээ хамаарч орчуулгын үнэлгээ тогтож байна. Синхрон орчуулга хэлнээсээ шалтгаалж өөр үнэлгээтэй. Жишээлбэл, би англи хэлний нэг цагийн орчуулгыг 100 ам.доллароор хийж байсан. Харин НҮБ болон уул уурхайн компанид 300 ам.доллароор орчуулга хийдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top