Алс хязгаар буйдхан нутагт танан цагаан гэрийн яндангаар аргалын шингэн цэнхэр утаа суунаглаж, гадуур нь сувд эрдэнэ дунд хар, цагаан, халтар мана шигтгэсэн мэт хонь ямаан сүрэг налайж, уяан дээр эмээлтэй морь толгой хаялан зогсохыг харах нь Монгол нутгийн эрхэмсэг оршихуй мэт.
Гэрийн бууриараа тамга дарж, малын чийр нь монгол бичиг гэмээр дурайх нь энэ газар эзэнтэйн баталгааг хэн гуайн ч өмнө үзүүлэх шиг. Айл амьтангүй, эзгүй зэлүүд газар үргэлжилж явтал тийм нэг айл тааралдах сэтгэлд өег.
Ховдын хязгаарт нэгэнтээ явж байхад их уулын хормойд хос цагаан гэр дүнхийж, мал сүрэг нь налайн бэлчиж явахыг хараад гэнэт ийм бодол төрж билээ. Эх нутгийнхаа хаяаг эзгүйрүүлэлгүй манан үлдсэн тийм л айлууд “Энэ монгол нутгийн эзэн нь би” хэмээн чимээгүй атлаа эрхэмсгээр зарлан суудаг юм байна. Монгол өв соёл, өвөг дээдсээс уламжилсан унаган ухаан, цээжний их эрдэм тэнд л хадгалагдаж буй.
Хөдөө нутаг эзэнтэй, гэрийн буурин тамгатай, малын чийрэн бичигтэй байж гэмээнэ уудам эх орон маань амьтай байх учиртай ажээ. Хот суурин тийш залуус тэмүүлж, тэр хэрээр хязгаар нутаг эзгүйрсээр байгаа нь үнэн. Хөдөөгийн сэргэлтийн бодлогыг Засгийн газраас боловсруулж, хэрэгжүүлж байгаа ч орон нутагт ажлын байр хомс, залуусыг хөгжүүлж боловсруулах газар үгүй бол тэд ус нутгаа орхиж нийслэл рүүгээ тэмүүлж, түгжрэл нэмэгдэж, утаа зузаарсаар байх болно. Тэр хэрээр монгол нутгийн эрхэмсэг оршихуй алдарч, эзнээ алдсан нутгийг хэн дуртай нь онгичиж, алт эрдэнэсийг нь олзлох үүд нээгдэнэ гэсэн үг.
Их эрдэмтэн зохиолч Л.Түдэв “Эх нутгаа эзэмш. Тарж нутаглаарай. Хот олдоно. Эх орноо алдчих юм бол хэзээ ч олдохгүй” хэмээн захиж байв. Хөдөө нутагт интернэт нэвтэрч, түрүүчээсээ бэлчээрт яваа малаа дурангаар бус дроноор харж, дэлхий ертөнцийн сонин сайхныг алган дээрээсээ үзэж, мэдээ мэдээллээс хоцрохгүй байх боломж бүрдэж байна. Гагцхүү иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд багачуудыг боловсролоос хоцроохгүй байх, идэр залуусыг хувиараа хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр дэмжиж, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг эзнийх нь гараас боломжийн үнээр авдаг болчихвол алс сэжүүр нутаг гэлтгүй Монголынхоо эрхэмсэг оршихуйг дархалж, тарж нутаглах эзэн захаас аван олдох вий.
Сэтгэгдэл ( 0 )