Соёл, урлагийн салбарын оны шилдгүүдээ тодруулна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 25

Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж ирсэн уламжлалтай. Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн авьяас чадварыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн салбараас оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2024” хүндэтгэлийн арга хэмжээ 2025 оны 03 дугаар сарын 27-нд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болно.

"Мөнгөн мод-2024" наадмын хүрээнд:

- Судлаач, зохиолч, продюсер, соёлын өвийн бүтээл, ном хэвлэлийн бүтээл, уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн бүтээл, архитектурын бүтээл, зар сурталчилгааны бүтээл, цахим бүтээл, гэрэл зургийн бүтээл, хувцас загварын бүтээл, тайзны бүтээл гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг,

- Найруулагч, удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучин, бүжиг дэглээч, бүжигчин, зураач, жүжигчин, тайзны урлагийн бүтээл, дуу хөгжмийн бүтээл, дүрслэх урлагийн бүтээл, кино урлагийн бүтээл гэсэн 13 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг тодруулж, “Мөнгөн мод” цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

16 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадмын шилдэг уран бүтээлчийн төрөлд 104 уран бүтээлч, шилдэг уран бүтээлийн төрөлд 63 уран бүтээл өрсөлдөж байна.

Соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2024” наадам 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагт улаан хивсний ёслолоор эхэлж, 18:00-21:00 цагт ёслолын үйл ажиллагаагаар үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu