“Дэлхийн ном бичигт Монголчуудын оруулсан хувь нэмэр” номын үзэсгэлэнг Дэлхийн номын өдөрт зориулан Монгол Улсын Үндэсний номын санд өчигдөр нээлээ.
Үзэсгэлэнд орчин үеийн Монголын уран зохиолын гол төлөөлөгч Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Л.Түдэв зэрэг зохиолч, эрдэмтдийн ном, зохиол, шүлэг, найраглал, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлийг олон орны хэлээр орчуулсан дээжээс толилуулах ажээ.
Д.Нацагдоржийн “Миний нутаг шүлэг”-ийн Польш орчуулгыг эндзээс харж болно. Түүнчлэн наймдугаар Богд Жавзандамбын зохиосон ном бүтээлийн эмхэтгэлийн бар, бичмэл эх, түүний зарлигаар гурван жилийн хугацаанд бүтээсэн зэс бар зэргийг дэлгэжээ.
Мөн үзэсгэлэнд наймдугаар Богд Жавзандамбын шүтэж байсан есөн эрдэнээр бүтээсэн “Жадамба” судрыг бүрэн эхээр нь тавьсан бөгөөд уртаашаа 90.5 см, өргөөшөө 33.4 см, зузаан нь 70 см, болгомол хар цаасан дээр 145 хуудас бүхий бүтээсэн нь есөн эрдэнээр хийсэн хамгийн том судар гэж тооцогддог байна. Түүнийг хэмжээнээс нь шалтгаалж гурав хуваан баринтаглажээ. Үзэсгэлэн энэ сарын 25-ныг дуустал үргэлжлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )