Эдийн засгийн эрх чөлөөг бүсийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 14

УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны өнөөдрийн \2025.05.14\ хуралдаанд Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Хөгжлийн 2026 оны Төлөвлөгөөний Төсөл”-ийн талаар танилцууллаа.

Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “ХҮН ТӨВТЭЙ” хөгжлийн үзэл санаанд нийцсэн “ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ЦОГЦЛООХ”-ыг зорьж төсвийн зардлын реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг хэрэгжүүлэх бөгөөд тус реформууд нь ядуурлыг бууруулахад чиглэгдэнэ.

2026 онд нэн шаардлагатай салбарын реформ, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн 14 мега төслийг эрчимжүүлж, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, бизнесийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах замаар ядуурлыг бууруулж, эдийн засгийн эрх чөлөөний реформыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Төсвийн зардлын реформын хүрээнд төсвийн урсгал зардлыг бууруулж, ДНБ-ийг 24 хувиас хэтрүүлэхгүй байлгаж, процессын дахин инженерчлэлийг хийж, төрийн үйлчилгээг хялбар, хүн төвтэй, про-актив хандлагаар эрчимжүүлнэ.

Төрийн албаны реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийж чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн албан хаагчдын тоог (багш, эмч нараас бусад) 15 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ, төрийн худалдан авалтад хиймэл оюуныг ашиглан ил тод байдлыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ.

Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформын хүрээнд төрийн өмчит компаниудын реформыг эрчимжүүлж, зардлыг 15 хувиар бууруулж, төрийн өмчит компаниудын бүтээмжийг 30 хувиар сайжруулж, төрийн өмчит компаниудын хөрөнгийн удирдлагыг сайжруулан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн ашиглалтыг нэмэгдүүлж, үр ашиг, өгөөж, ашигт ажиллагааг сайжруулна. Баялгийн санг арвижуулах цогц арга хэмжээ хэрэгжүүлэн, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.

Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төсөлд нийт 300 төсөл, арга хэмжээг 17.5 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгалаа. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 3.5 их наяд төгрөг, орон нутгийн төсвөөр 1.5 их наяд төгрөг, гадаадын зээл, тусламжаар 3.6 их наяд төгрөг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 4.5 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4.4 их наяд төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөлөө.

”Монгол Улсын Хөгжлийн 2026 оны Төлөвлөгөөний Төсөл”-д Бүсчилсэн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд, бүс нутгийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлж, бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлж, дэд бүтцийг хүртээмжтэй болгон, бүсчилсэн хөгжлийн бодлого, эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгохоор тусгаад байна.

Мөн 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, боловсролын чанар, хүртээмж дээшлүүлж, хөрөнгө оруулалтыг өсгөж, 108 сургууль, 95 цэцэрлэгээр нэмэгдүүлэн, бүлэг дүүргэлтийг стандартын түвшинд хүргэж, “Хамгийн сайн цэцэрлэг, сургууль-гэрт ойр” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ зэрэг олон асуудлыг “Монгол Улсын Хөгжлийн 2026 оны Төлөвлөгөөний Төсөл”-д тусгаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu