Zara-тай 50 жил: Загварын нууцлаг брэндийн хөшигний ард

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 16

Энэ зун ковбой, рок-н-роллтой романтик зун болно гэж Мехди Сусанн үзэж байна. Тэр юу ярьж байгаагаа мэдэх учиртай. Тэр бол Zara брэндийн загвар зохион бүтээгч.

Zara брэнд нь дэлхийн томоохон хувцас үйлдвэрлэгч Inditex компанид харьяалагддаг бөгөөд тус компани мөн Massimo Dutti, Pull & Bear сүлжээг эзэмшдэг. Zara дэлхий даяар 1800 нийлүүлэгч компанитай хамтран ажилладаг ч бүх хувцас тус брэндийн төв байрладаг Испаниас дэлхийн 97 оронд нээгдсэн дэлгүүрүүдэд нийлүүлэгддэг байна.

Zara өөрийгөө сурталчилдаггүй. Удирдлага нь ч хэвлэлүүдэд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй.

Анхны Zara дэлгүүр нээгдсэний 50 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд ВВС агентлагийн сурвалжлагч эл нууцлаг брэнд хэрхэн ажилладаг талаар сонирхолтой сурвалжлага бэлджээ.

 

 

Тус компани хурдацтай хувьсан өөрчлөгдөх зах зээлийг мэдрэх, Shein, Temu зэрэг асар хямд бүтээгдэхүүний онлайн сүлжээний ширүүн өрсөлдөөн, АНУ-ын тарифын бодлогын тодорхойгүй байдал зэрэг сорилтуудтай нүүр тулж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын тарифууд нийлүүлэлтийн гинжин хэлхээг таслахгүйгээр үл барам тус Испанийн компанийн борлуулалтын хоёрдох том зах зээл болох АНУ-ын зах зээлд тэлэх Zara брэндийн төлөвлөгөөг ч өөрчлөхгүй гэж Inditex компанийн ерөнхий захирал Оскар Гарсиа Масейрас итгэлтэй ярьжээ. “Бидний хувьд зах зээлээ солонгоруулах нь чухал ач холбогдолтой. Бид онцгой бус нийлүүлэгч бүхий 50 өөр зах зээлд зориулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг” гэж тэр онцолжээ. Анхны дэлгүүрээ нээсэн мөчөөс хойш тус бизнес зах зээлийн эрэлттэй хөл нийлүүлэн, өссөөр ирсэн.

Өдгөө тус компанид дэлхийн 40 орны 350 загвар зохион бүтээгч ажиллаж байна.

“Ер нь бол энд дүрэм гэж байдаггүй. Бүхнийг сэтгэл бөгөөд мэдрэмж удирддаг” гэж улирлын гол загвар дээр ажиллаж байгаа дизайнер Мехди Сусанн өгүүлжээ. Түүний хэлснээр, тухайн бүтээгдэхүүнийг бүтээх санаа хаанаас л бол хаанаас орж ирнэ.

Эсгүүрийн цехэд түүний гаргасан хувцасны дизайн эхлээд цаасан загвар болж, улмаар олон арван оёдолчид анхны загваруудыг гаргаж, манекенд тааруулж үзнэ.

Эсгүүрчин Мар Макоте тус компанид 42 жил ажиллаж байгаа. Тэр хувцас үйлдвэрлэл рүү шилжихээс өмнө томруулдаг шилээр бүтээгдэхүүн бүрийг сайтар нягталж, шалгана. “Бүтээгдэхүүн үйлдвэрээс гарч, сайхан харагдаж, тэр бүү хэл хурдан зарагдахыг харах гайхалтай байдаг” гэж тэр ярив.

Zara бидний худалдан авалтыг өөрчилсөн

Өмнө нь ритейлерүүд жилд хоёр үндсэн коллекц гаргадаг байсан. Энэ бол хавар/зун болон намар/өвлийн коллекц. Ихэнх сүлжээ олон жилийн турш үйлдвэрлэлээ Ази дахь хямд үйлдвэрүүд рүү аутсорсингоор шилжүүлдэг байсан бөгөөд хувцас зургаан сар хүлээгдэн байж, ирдэг байв.

Харин Zara хэвшсэн практикийн эсрэг явсан. Хувцасныхаа ихэнх хэсгийг төвтэйгөө ойр газраас худалдан авч, коллекцоо ойр ойр шинэчилнэ.

Өөрөөр хэлбэл тус брэнд дэлхийн загварын чиг хандлагыг илүү хурдан мэдэрч, долоо хоног бүр дэлгүүрт шинэ бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна.

Бүтээгдэхүүнийх нь талаас илүү хувийг Испани, Португал, Морокко, Туркт үйлдвэрлэдэг. Zara төв байрны дэргэд үйлдвэртэй бөгөөд бага хэмжээгээр үйлдвэрлэл явуулна. Төвөөс холгүй долоон үйлдвэр ажиллана. Үйлдвэрүүдийг Inditex эзэмшинэ. Үүний ачаар тус компани хэдхэн долоо хоногийн дотор шинэ бүтээгдэхүүн гаргах боломжтой байдаг.

Ложистик болон мэдээллийн шинжилгээ нь тус компанийн амжилтын бас нэг чухал хүчин зүйлс. Үүний тусламжтай тухайн орны худалдан авагчдын сонирхолд нийцсэн загваруудыг зөв үнэлж, сүүлийн мөчид зөв шийдвэр гаргах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл тодорхой загварын бараа бүтээгдэхүүнийг тодорхой дэлгүүрт нийлүүлнэ. Үүний дараа төв байранд ажиллаж байгаа менежерүүд дэлхийн өнцөг булан бүрд байрлах дэлгүүрүүдээс тухайн хувцас хэрхэн борлуулагдаж байгаа тухай мэдээлэл болон хамгийн гол нь үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг бодит цагийн горимд хүлээн авч, шинжилдэг байна. Ингэснээр загвар зохион бүтээгчид улиралдаа багтаан тухайн коллекцыг эрэлттэй нийцүүлэн өөрчилдөг аж.

Inditex компанийн хувьд загварын ертөнцөд шинэлэг хэвээр үлдээх зорилготой.

H&M, Mango, Uniqlo зэрэг гол өрсөлдөгчдөөс гадна тус зах зээл дээр Shein, Temu зэрэг компани гарч ирсэн. Өнгөрсөн онд Shein компанийн борлуулалт 38 тэрбум ам.долларт хүрсэн нь Inditex компанийнхтай дөхөж иржээ.

Inditex компанийн тэргүүний онцолсноор, тус компанийн бизнес модель үнийг чухалчилдаггүй. “Мэдээж хэрэг бид үйлчлүүлэгчдэдээ боломжийн үнэтэй бүтээгдэхүүн санал болгохыг эрмэлздэг. Гэхдээ бидний хувьд чанар, бүтээлч байдал, эко хувцас загвар, чиг хандлагыг хөгжүүлэх нь чухал” гэж Оскар Масейрас онцолжээ.

Брэндийг үүсгэн байгуулагч Амансио Ортега бизнесээ эхлүүлснээс хойш Zara урт замыг туулсан. Брэнд түүний гэр бүлийн эзэмшилд хэвээр байгаа бөгөөд түүний охин Марта Inditex компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Харин 89 насыг зооглосон Ортега олны нүдэнд өртөх дургүй нэгэн хэвээр хэдий ч хаяа компанидаа зочилдог гэж Масейрас хуучилна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu