Автомашингүй амьдрал? 2026 он автомашины ертөнцийн дүрмийг хэрхэн өөрчилж байна вэ

Я.Болор | Zindaa.mn
47 минутын өмнө

Германы автомашин үйлдвэрлэлийн салбарын хямрал гүнзгийрч байна. 2026 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлан цочирдом тоо харуулжээ. Ашиг, борлуулалт огцом унасантай холбогдуулан автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд эцсийн аргаа хэрэглэж байна.

Volkswagen, BMW ажилчдаа цомхотгон, бүтцийн өөрчлөлт хийхээ зарлаад байна. Нэгэн цагт эрэлтээ барьж дийлэхгүй байсан автомашинууд өдгөө арай ядан борлогдож байна. Дэлхийн автомашин үйлдвэрлэлийн ертөнц хааш чиглэнэ вэ?

Асуудал, дахин асуудал

Сүүлийн жилүүдэд Германы автомашин үйлдвэрлэлийн салбар 130 жилийн түүхэндээ хамгийн гүнзгий хямралыг туулж байна. Хэдэн арван жилийн турш дэлхийн стандартыг тодорхойлж явсан BMW, Mercedes-Benz, Volkswagen зардлаа огцом танаж, бизнес загвараа эргэн харж байна. Тухайлбал, олон жилийн турш дэлхий дахинд бестселлер байсан домогт Volkswagen Golf борлуулалтаараа ТОП-10 жагсаалтаас хасагдлаа. Өдгөө тус компани энэ загварын үйлдвэрлэлээ зогсоох тухай нухацтай ярилцаж байна.

Энэхүү хямрал олон шалтгаантай. Нэгт, Германы компаниуд Хятадын зах зээл дээр байр сууриа алдаж байна. Дотоодын үйлдвэрлэгчдийн ширүүн өрсөлдөөнд германчууд энэ жил зах зээлийнхээ 16 хувийг алджээ. Гэтэл Volkswagen Group сүүлийн 30 жилийн турш Хятадад борлуултаараа толгой цохидог байв. Хоёрдугаар улирлын байдлаар, тус компанийн ашиг 32.9 хувиар буурч, 1.54 тэрбум евро болж, борлуулалт нь 9 хувь буурч, 2.08 сая автомашин борлуулжээ. Гэхдээ тус компани энэ үзүүлэлтээрээ дэлхийд хоёрт бичигдэж байгаа ч гуравдугаар улиралд сүүлийн дөрвөн жилд байгаагүй муу үзүүлэлттэй байна. Хятад дахь борлуулалт нь 38.5 хувиар унаад байна.

Германы спорт болон тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Porsche 2026 оны есөн сарын байдлаар дэлхийд нийт 178.5 мянган машин борлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар багасжээ. Тус брэнд Хятадын зах зээл дээр 21.5 мянган машин борлуулсан нь 33 хувиар буурсан үзүүлэлт. Хойд Америкт 13 хувь, Европт 11 хувь, эх орондоо хүртэл долоон хувийн уналттай байна.

Германчуудын хувьд хоёрдох том зах зээл болох АНУ-д нөхцөл байдал сайнгүй л байна. Тус улсад Германы лимузин, жийпүүд амжилтын бэлэг тэмдэг байсаар ирсэн. Харин энэ онд тухайлбал Volkswagen брэндийн борлуулалт есөн хувиар буурчээ. Үүний нэг шалтгаан нь Вашингтоны Европтой хийж буй худалдааны дайн.

АНУ нэг бол асар өндөр татвар ногдуулна, нэг бол цуцална. Ийм тогтворгүй байдал урт хугацааны гэрээ хийхэд, цаашилбал, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, хамгийн гол нь хэрэглэгчдийн зан төлөвт нөлөөлж байна. Европт ч өөрт нь асуудал мундахгүй. Энд Хятадын автомашинууд ховор бус харин масст зориулсан бараа шиг орж ирж, зах зээлийн 10 хувийг хэдийн эзлээд байна.

Германы автомашин үйлдвэрлэлийн салбарын хувьд өдгөө бүх зовлон нэг цэгт төвлөрсөн мэт. Ийм үзэгдлийг төгс шуурга гэж нэрлэдэг байна. БНХАУ, АНУ-д борлуулалт нь унахын сацуу геополитикийн гамшиг тохиосон. Оросын эсрэг тавьсан хориг, тэдний гол давуу тал болох хямд эрчим хүчний эх үүсвэргүй болгожээ. Хоёрт, түлшний үнийн өсөлтөд Ойрх Дорнодын мөргөлдөөн, Ормузын хоолой хаагдсан нь нэрмээс болов. Ихэнх европчууд унадаг машинаа шинэчлэхээ хойшлуулаад байна.

Иргэдээ цахилгаан автомашинд шилжүүлэн суулгахыг хүсдэг Европын холбогдох газруудын галзуу шаардлагагуудыг ч мартаж болохгүй. ЕХ-ны шаардлагуудын улмаас Германы компаниуд цахилгаан автомашины хөгжүүлэлтэд асар их мөнгө хаях шаардлагатай нүүр тулаад байна. Гэтэл Европын цагаан захтнууд, ногоон намынхны зүүдэлж байсан шиг цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд талх шиг зарагдахгүй байна. Энэ тал дээр германчууд хятадуудад хол хаягдаад байгаа. Гэтэл цахилгаан хөдөлгүүрт байтугай, бензинд ч тэр мөнгө хүрэхгүй байна. Үр дүнд нь Германд үйлдвэрүүд хаалгаа барьж, алдагдал хүлээж байна.

Нийтлэг чиг хандлага

Хятадын автомашины гайхамшиг руу бүх асуудлаа чихэх боломжгүй нь тодорхой болжээ. БНХАУ хэрэглэгчдийг хямд үнээр татаж, улсын татаасаар угжиж, шударга бус тоглож байна гэх. Үүнд үнэний хувь бий. Гэхдээ энэ нь чухал асуудал биш. Хятадын автомашинууд ч гэсэн тийм ч төгс бас биш. Кузовын чанар, түүхий программ хангамж гээд асуудал байсаар байгаа. Том дэлгэц, ухаалаг туслахаараа гайхуулах Хятадын автомашинууд үнэхээр чамин харагддаг. Гэхдээ Хятадын инженерчлэл тэргүүлж байгаа гэвэл хэтрүүлэг. Масс хэрэглэгчдийн сонирхлыг Германы автомашин үйлдвэрлэлийн 130 жилийн “школ” татах нь багасчээ. Тэд өдгөө үнийг нь харж, мөнгөөрөө юу авч байгаагаа л хардаг. Харин энэ тал дээр германчууд, европчууд, мөн америкчууд хожигдож байгаа.

Хятад масс зах зээлд л хангалттай сайн автомашин хийж сурчээ. Бүтээгдэхүүн нь мэдэгдэхүйц хямд. Заавал шилдэг биш ч боломжийн. Европ дахь хямралын үед энгийн нэг европ хэрэглэгчийн хувьд хямд үнэ нь Германы мөнхийн чанарын тухай домгоос илүү чухал. Тэр тусмаа “үүлдэр” сайтай автомашины эд ангийн гуравны нэг нь нөгөө л Хятадаас гаралтай гэдгийг хэдийн мэддэг болсон.

Энэ цаг үед цомхотгол, үйлдвэрээ хаах, бензинээр ажилладаг хөдөлгүүрт буцан орох нь дэлхийн чиг хандлага болоод байна. Хямрал нь зөвхөн германчуудынх байхаа больж, дэлхийн автомашин үйлдвэрлэлийг хамрав. АНУ-ын Ford, General Motors цахилгаанжуулах хөтөлбөрөө хойшлуулах эсвэл хааж, олон тэрбум ам.долларын алдаж байна. Японы Toyota гэхэд цахилгаан автомашин үйлдвэрлэлээ 30 хувиар бууруулж байна.

Амьдрал үргэлжилнэ

Тэгээд бидний үе алдарт Германы автомашины үйлдвэрийг нүдэн дээрээ “оршуулах” уу? Үгүй л болов гэж шинжээчид харин итгэлтэй байна. Одоогийн хямрал түүхэн дэх хамгийн ноцтой байж магадгүй ч Германы автомашин

 үйлдвэрлэлийн салбар үүнийг давж гарна. Шинэ нөхцөлд дасан зохицож, хэрэглэгчдийнхээ талыг алдах ч хар дарсан зүүднээсээ сэрнэ. Германы эрх баригчид ч гэсэн үүнийг зөвшөөрөхгүй. Сүүлийн жилүүдэд Европ идэвхтэй цэрэгжиж байгаа. Тиймээс автомашины үйлдвэрүүд батлан хамгаалах салбарын захиалгыг авахад бэлэн байна.

Амьдрал үргэлжилнэ. Хуучны автомашины эзэнт гүрнүүд зөвхөн нэр хүнд, зууны түүхээ хөлөглөн давхиж чадахгүй. Тус салбар эргэлт буцалтгүй Өрнө, Дорнын уламжлалт өрсөлдөөний хязгаараас хальж, технологи, үнэ, уян хатан байдлын төлөөх өрсөлдөөн болж хувирчээ. Домогт брэндүүд ямар ч шуурганд орсон ч автомашинууд хаашаа ч алга болохгүй. Бидний эргэн тойрны ертөнц адил автомашин ч хэзээ ч хуучин шигээ байхаа болино.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top