“Mango” брэндийг үүсгэн байгуулагчийг хөнөөсөн хэргээр хүүг нь саатуулжээ

Я.Болор | Zindaa.mn
56 минутын өмнө

Испанийн Каталоны цагдаа “Mango” сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагч Исак Андикийн амь насыг хөнөөсөн хэрэгт түүний хүү Жонатан Андикийг сэжиглэн, саатуулжээ. Исак Андик 2024 оны арванхоёрдугаар сард хадан хясаанаас унаж, амиа алдсан. Эхэндээ түүний үхлийг золгүй тохиолдол гэж байсан ч 2025 оны арванхоёрдугаар сард аллага хэмээн тодорхойлжээ. Жонатан Андик өөрийгөө буруугүй гэж мэдэгдэж байгаа юм.

Түүнийг сэжигтний хувиар мэдүүлэг өгүүлэхээр саатуулсан бөгөөд хэргийг нууцалж байна.

Хэргийн мөрөөр

71 настай Исак Андик 2024 оны арванхоёрдугаар сарын 14-нд Барселона хотоос холгүй оршин Монсеррат ууланд алхах үеэр амиа алджээ. Тэрээр хүү Жонатаны хамт аялсан байна. Исак хадан хясаанаас унаж, нас барсан гэж үзэн цагдаа нар хэргийг золгүй явдал хэмээн 2025 оны нэгдүгээр сард хаажээ.

2025 оны аравдугаар сард хэргийг дахин нээсэн байна. Учир нь хавтаст хэргийг дахин судлахад хүү Жонатаны мэдүүлгүүд зөрж байсан тул “Mango” брэндийг үүсгэн байгуулагчийн үхлийг аллага хэмээн тодорхойлжээ. Тухайн үед хүүгийнх нь мэдүүлэг зөрснийг цочирдолд орсны улмаас хэмээн үзсэн байна.

“El Pais” хэвлэлийн мэдээллээр, аялалд явахаасаа өмнө Жонатан Андик эцэг нь нас барсан газарт очиж байсан байна. Түүний өмгөөлөгчдийн ярьснаар, хүү аяллын бэлтгэл хийсэн гэжээ. Түүнчлэн, мөрдөгчид эцэг, хүү хоёрын хооронд зөрчил үүссэнийг олж мэдсэн байна.

Mango эзэнт гүрэн

45 настай Жонатан Андик нь Исак Андикийн ууган хүү. Истанбул хотоос гаралтай Исак 1984 онд Барселон хотод анхны “Mango” дэлгүүрээ нээжээ. Исакийн хөрөнгө 4.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд тэрээр дэлхий даяар нийт 2850 дэлгүүр эзэмшдэг байв.

Жонатан эцгийнхээ байгуулсан компанид 2005 оноос хойш ажиллаж байна. Эцгийгээ амиа алдахаасаа өмнө тэр тус компанийн ТУЗ-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

2012 онд Исак тэтгэвэртээ гарч, Жонатанд компанийн удирдлагыг шилжүүлэхээр төлөвлөж байсан аж. Гэвч 2015 онд компанийнх нь санхүүгийн байдал хүндэрч эхлэхэд санхүүгийн шинэ захирлаар Тони Руисийг  авч ажиллуулсан байна. 2020 онд Руис Жонатаны оронд компанийн гүйцэтгэх захирлаар томилогджээ.

Жонатан Андик эргээд “Mango Man” охин компанийг тэргүүлэх болжээ. 2025 оны зургаадугаар сард Жонатан мөн тэрхүү албан тушаалаасаа чөлөөлөгдөж, захирлуудын зөвлөлд л үлдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top