Ц.Туваан: Нефть импортлогчид тохиролцоог зөрчсөн тул арга хэмжээ авна

2025 оны 05 сарын 28

Нефть импортлогчид АИ-92 автобензины үнийг нийслэлд литр тутамд нь 200 төгрөг, орон нутагт 500 төгрөгөөр өсгөөд байна. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өчигдөр аж ахуй нэгжүүд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг төр, засгийн холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, зөвшилцөхгүйгээр нэмэгдүүлж, зохисгүй үйлдэл гаргасан. Аж ахуй нэгжүүдийн гаргасан үйлдэл нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг холбогдох байгууллагуудаар шалгуулна" гэсэн мэдэгдэл гаргасан юм. Энэ талаар  Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас тодрууллаа.


-АИ-92 автобензины үнэ нийслэлийн хэмжээнд литр тутам нь 200 төгрөгөөр, орон нутагт 500 төгрөгөөр өссөн. Яагаад үнэ нэмсэн талаар тайлбар өгнө үү?

-Нефть импортлогч компаниудтай бид тавдугаар сарын 5-нд ярилцаад,  тавдугаар сарын 25-нд дахин уулзахаар  тохирсон байсан. Гэтэл  ч байр сууриасаа буцаж гэнэт ийм шийдвэр гаргасан. Энэ асуудалд Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Үнийн зөвлөлөөс мэдэгдэл гаргасан. Аж ахуй нэгжүүд  тохирсноосоо буцаж болохгүй. Импортолж байгаа биензиний үнэ нэмэгдээгүй. Харин ч дизель түлш тонн тутамдаа үнэ 100 ам.доллараар буурсан. Ийм байхад үнэ нэмэгдүүлж болохгүйг хэлсэн. Амралтын өдөр гэхгүй энэ асуудлыг хариуцаж байгаа Үнийн зөвлөл ажилласан.

-Нефть импортлогч компаниуд ямар үндэслэл хэлж байна  вэ?

-Валютын ханш өссөн нь АИ-92 бензин дээр хүнд туссан тул үнээ нэмсэн гэсэн. Манай яамны зүгээс “Дөрөвдүгээр сарын  29-нд авсан үнээр дизель түлшний үнэ хэрэглээний үнэ дээр 100 ам.доллараар буурсан байхад бусад төрлийн түлшний үнийг яагаад буулгахгүй байна вэ гэдэг асуудлыг тавьсан. “Шунхлай” компаниас эхлээд АИ-92-оос бусад төрлийн түлшний үнийг литр тутамд 200 төгрөгөөр буулгасан гэдэг мэдээлэл ирсэн. Үнэ нэмсэн асуудалд салбарын  яамны зүгээс шууд хэрэгжүүлэх хуулийн арга хэмжээ хомс, зөвшилцөх байдлаар шийдвэрлээд, Үнийн зөвлөлөөс зөвлөмж гаргадаг. Иргэдээс ирж байгаа шаардлагад үндэслэж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан. Нефть импортлогч компаниуд хүлээцтэй хандаж болох байсан. Улс төрийн асуудалтай байгаа үетэй давхцуулах шаардлага байгаагүй гэж харж байгаа. Монополийн эсрэг хуулиар уг асуудалд хандана.

-ОХУ-аас Монгол Улс  түлшийг нэгэн хэвийн үнээр  импорлох гэрээний хугацаа хэдий хүртэл  байгаа билээ?

-Гэрээний хувьд их хэцүү. УИХ-аар онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийг хэлэлцүүлж байх үед би  хэлж л байсан. Уг хэлэлцээрээр нефтийн бүтээгдэхүүнээс гадна онгоцны түлш нийлүүлэх асуудал яригдсан.

Хамтад нь хэрэгжүүлнэ гэдэг байдлаар ОХУ хэлсэн. Нефть бүтээгдэхүүнээр хангах хэлэлцээрийг зурсан ч нөгөө хэлэлцээрийг парламентаар ёсчлон баталж байж, хоёр хэлэлцээр хамтдаа хэрэгжинэ. Тийм учраас импортолж авч байгаа улс талаасаа бичиг баримтын асуудал  хүнд байгаа.

-Нефть импортлогч компаниудад торгууль тавина гэсэн мэдээлэл байна?

-Өмнө нь торгууль акт тавигдаж байсан. Торгууль тавих шаардлага үүсвэл тавь гэдэг талд нь зогсоно. Бид иргэдийнхээ талд байна. Ярьсан тохирсондоо хүрэлгүй шийдэж байгаа бол бид ч бас зохих арга хэмжээг авна.

Ч.Зотол

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(66.181.190.39) 2025 оны 05 сарын 28

МАН байнгал юмны үнэ нэмдэг..хэзээч буухгүй...

0  |  0
Close menu