Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүйдээ бэлэглэсэн сүйн бөгж, өндөр үнэтэй цүнхний асуудал олны анхаарлыг татаад хагас сар шахам болж байна.
Иргэн Ц.Лут-Очир, Ш.Оюунбат нар уг асуудлаар тавдугаар сарын 13-нд АТГ-т хандаж шалгуулах хүсэлт илгээсэн юм.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт мэдээлэл өгөхдөө “Нэр бүхий иргэдийн гаргасан гомдлын дагуу хяналт шалгалтын ажил хийж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АТГ-т О.Тэмүүлэнг дуудаж тайлбар, мэдүүлэг авсан. Гомдолд нэр дурдагдсан бусад хүмүүсээс тайлбар авч, санхүүгийн холбогдох баримтуудыг гаргуулж авсан. Бид зөвхөн эдгээр баримтад үндэслэж шийдвэр гаргахгүй, өөрсдөөс шалтгаалах шалгах ажлыг үргэлжлүүлж байгаа. Одоогийн байдлаар О.Тэмүүлэнгийн өгсөн тайлбарын талаар мэдээлэл өгөх боломжгүй, шалгалт үргэлжилж байна. О.Тэмүүлэн нь хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэг бүхий албан тушаалтан биш учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт, шалгалтын ажиллагаа явуулж байна. Хүү нь Ерөнхий сайдын хамаарал бүхий этгээд учраас Ерөнхий сайдын хөрөнгө орлогыг нь шалгах шаардлага гарсан. Энэ асуудлыг 30 хоногийн хугацаанд шалгана. Шаардлагатай гэж үзвэл дахин 30 хоногоор сунгаж ч болно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс мэдүүлэг авсан талаар одоохондоо тодорхой мэдээлэл аваагүй байна” гэлээ.
Эндээс харвал хүүгийнх нь зарлагатай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ-ийг дахин нягтлан шалгаж буй бөгөөд нэгээс, хоёр сарын хугацаа үүнд шаардагдах ажээ.
Д.Оюун
Сэтгэгдэл ( 0 )