Монголын Үндэсний Бөхийн Холбоо 2025/26 оны улирлын нээлтийн барилдааныг өнгөрсөн амралтын өдөр зохион байгууллаа. Энэхүү барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, шинэхэн арслан Э.Батмагнай үзүүрлэсэн.
Ингэснээр ар араасаа залгуулан барилдаанууд зохион явуулахаар МҮБХ харилцагч талуудтай яриа хэлэлцээрүүд хийж байгаа биз. Үзэгч түмний хувьд барилдааныг шимтэн хүлээхээс гадна допингийн шинжилгээний хариуг тодруулах, ямар шийтгэл ногдуулах талаар мэдээ хүлээж байгаа нь лавтай. Гэхдээ шийтгэл бол МОНАДА-тай холбоотой эхэлж яригдах учир МҮБХ хүлээлтийн байдал руу шилжсэн гэж ойлгож байна.
Тэгвэл зөвхөн МҮБХ-ноос үзэгчдийн хүлээж буй нэг зүйл бол өнгөрсөн зун хөдөө орон нутагт болсон наадмуудын барилдааны үнэн шударга болсон эсэхийг нягтлах, зарим наадамд цол олгох, олгохгүй эсэх талаарх шийдвэр юм.
Жишээлбэл, долоодугаар сарын 29-30-нд Дорноговь аймгийн наадам болж, аймгийн заан Ч.Хасчулуу түрүүлж, аймгийн начин О.Зундуй үзүүрлэсэн. Энэхүү наадамд улсын цолтой 35 бөх очиж барилдсан нь заримдаа Бөхийн өргөөнд болдог барилдаанд оролцдог улсын цолтнуудын тоотой дүйцэхүйц байлаа.
Сануулахад, түрүүлсэн Ч.Хасчулуу энэ наадмын нэгийн даваанд аймгийн арслан Б.Батзоригийг, хоёрын даваанд улсын харцага Л.Лха-Очирыг, гурвын даваанд улсын гарьд Ш.Жаргалсайханыг, дөрвийн даваанд улсын арслан Э.Оюунболдыг, тавын даваанд улсын харцага О.Мөнх-Эрдэнийг, зургаагийн даваанд улсын харцага Б.Цэдэнсодномыг тус тус давсан юм. Өөрөөр хэлбэл, улсын цолтой таван бөхийг дараалан давж, үзүүр түрүүнд хүрсэн.

Үзүүрлэсэн О.Зундуй хоёрын даваанд улсын заан Б.Батмөнхийг, гурвын даваанд улсын начин Ц.Чимэддоржийг, дөрвийн даваанд улсын арслан Ц.Содномдоржийг, тавын даваанд улсын харцага Б.Зоригтбаатарыг, зургаагийн даваанд улсын заан Ц.Одбаярыг тус тус давсан.
Энэ наадамд 128 бөх зодоглосон бөгөөд тус наадмын зүүний магнайд Хөвсгөл аймгийн уугуул, улсын арслан Цэдэвийн Содномдорж, Хэнтий аймгийн уугуул, улсын арслан Энхтөгсийн Оюунболд, Өвөрхангай аймгийн уугуул, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон, Архангай аймгийн уугуул, улсын арслан Рэнчинбямбын Пүрэвдагва нар зүүн, барууны тэргүүн болон дагавар магнайд боссон.
Зарим сошиал хуудас энэхүү наадмын барилдааныг ёгтлон “цөлийн шуурга” гэж хочлон нэрлэсэн харагдсан. Тэгвэл энэхүү “цөлийн шуурга” гэж ёгтлогдон нэрлэгдсэн наадмын бөхийн барилдаан болон бусад хөдөө орон нутагт болсон олны хэл ам дагуулсан барилдаануудыг МҮБХ хэрхэн дүгнэж, ямар шийдвэр гаргах, ер нь энэ талаар анхаарах эсэх нь сонирхол татаж байгаа юм.
Гадаадын спортын зүй тогтлоор бол Холбоо эхлээд тамирчнаас тайлбар шаардаж, тайлбар өгөх хугацааг эцэслэн тогтоодог. Энэ хугацаанд тамирчин тайлбараа өгнө. Тайлбар дээр үндэслэн Холбооны тусгай хороо шийдвэрээ гаргадаг. Хэрвээ тамирчин тайлбар өгөхгүй бол Холбоо өөрөө бие даан тусгай хороогоор дамжуулан шийдвэр гаргадаг зүй тогтол үйлчилдэг юм.
Өөрөөр хэлбэл, энэ мэт барилдаан хөдөө орон нутаг, сум, аймагт гарсаар, гаарсаар байх уу гэдэгт МҮБХ хариулт өгөх, хандлагаа харуулах цаг болсон гэж бөх сонирхогчдын зарим нь үзэж байхыг үгүйсгэх аргагүй.
Тэгвэл “цөлийн шуурга”-аас эхлээд МҮБХ ямархуу байдлаар хандахыг бөх сонирхогчид анхааран ажиглаж байна.

Сэтгэгдэл ( 0 )