Учиргүй гар барьж хөтлөлцөөд, Учрал нь дарга болж мандаад, улс төрийн зодоон нь учрал баярын цэнгүүн болж хувирлаа гэтэл үгүй байж. Цэнгүүн дуусахаас зүг өмнө Н.Учрал хэлэхдээ “Хоёр их гүрний дунд орших бидний хувьд эв нэгдэл, хариуцлага, ухаалаг бодлого, эвтэй байх нь чухал байна” гэсэн юм. Хоёр их гүрний ихэрхэл дунд геополитик хурцдаж, энэ үед л улс төрийн нам, нийгмийн бүх түвшинд эв нэгдэл, сахилга хариуцлага чухал юм аа гэсэн болов уу гэж таая. Хэлснийг нь тааж байх хооронд хэлсэн үг нь орвонгоороо эргэчихлээ. Зоогийн ширээний ард суулаа гэтэл зодоон дуусаагүй байж ээ.
Юун зодоон
“Татварынхан Дубай явлаа” гэх сэдэв нийгэмд сэвэгдсэнийг санаж байна уу. Муухай л даа. Татвар төлөөгүй гэх шалтгаанаар жир татвар төлөгчид нь дансаа хаалгаж байхад хураагчид нь аялаад байвал хэнд л олиг байхав. Яг үүнтэй зэрэгцээд Нийслэлийн татварын дарга нь Сангийн сайдын ангийн хүүхэд, явуулсан нь Хотын дарга гэх мэдээлэл нийгэмд цацагдаад эхэлсэн. Удаа ч үгүй Хотын даргыг огцруулъя, хот болохоо байлаа гэх мэдээлэл сошиал орчинд цацагдав даа. Нийгэм ч үүнийгээ дагаа савласан. Савлаад удаагүй байтал Нийслэлийн МАН-ын хорооны даргын горилогч гэрэлд цохиулав. Учир зүйн логикоор өнөө этгээд нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд байж таарав аа. Горилогч дараа нь юун гуя гэлээ гэдэг шиг “Би Хотын дарга болохгүй” гэж ам алдсан.
Энэ дундуур хаа хол дэлхийгээр влог хийж яваа залуу өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсний төлөө хэн, хүнгүй яаж үсчив. Хүн өөрийнхөө үгийг хэлж байхад шүүдэг нь бид биш байхад л олон “лайв” цухалзсан.
Сэдэв, сэдэв дамнасан хачин сонин давхцал ар араасаа хөвөрсөөр байна...
Хотынхон гэрэл цохиж байхтай зэрэгцээд ХХААХҮ-ийн сайд нь өмнөх сайдаа гөвөхдөө “Яамаа буцааж хотод нь авчиръя” гэв. Түүний хэлж буйгаар нүүж очсон яам нь спорт цогцолбор байсан юм байх. Ж.Энхбаяр, Б.Жавхлан хоёроо л гөвөөд байгаа хэрэг шүү дээ. Хачирхалтай нь яг үйл явдалтай зэрэгцэн талбай дээр хөдөө аж ахуйн салбарынхан жагсаал зохион байгуулж, жагсагчидтай нь ХХААХҮ-ийн сайд нь уулзсан. Хачин давхцал шүү.
Танил зураглал, танихгүй аюул
Сошиал хөгжихтэй зэрэгцээд мэдээллийн урсгалыг дайны хэлбэрт ашиглаж байгаа нь цор манайх ч биш. Яагаав цар тахлын үеэр эрх баригчид “Мэдээллийн урсгал” нэрээр дээрэлхэл үйлдээгүй юу. Цаг хугацааг 2014 онд аваачих юм бол яг өнөөтэй ижил дүр зураг ажиглагдана. Тухайн үед сошиал хуудаснууд дөнгөж эхэлж байсан цаг. Улс төрийн тэмцэлд ашиглах ч гоё боломж. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрыг дэмжигчид болон эсэргүүцэгчид АН дотор хуваагдсан. Ингээд сошиал хуудсаар нэг юм болсондоо. Үүнд нь МАН-ынхан ч татагдан оролцож бөөн юм болсныг уншигч та санаж л байгаа байлгүй. Орчин цагийн мэдээллийн дайны сонгодог нэгэн судлагдахуун юм даа. АН-ын 2014 оны дотоод хуваагдал 2024 онд МАН дээр яг давтагдсан. Он дамнаад л 2025 онд баахан “зодолдсон” болохоос биш. Гэхдээ тухайн 2014 оны үед АН-ын зовлон арай ч монголын зовлон болчхоогүй юм.
Үндэсний аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар “энэ цаг үеийн мэдээллийн дайн нь Монголд “саармаг буюу хосолмол аюул”-ын нэг хэлбэр болж, олон нийтийн итгэл үнэмшилд хүчтэй нөлөөлсөн гэж үздэг.
Өнөө цагт МАН-ын дотоод хуваагдал нь мэдээллийн дайны сонгодог утга болж байх шиг. Ерөнхий сайд болох, болохгүй, намын дарга би, чи, дараагийн дарга тэр, энэ, өнөөгийн хөгжлийн гацаа нь би л биш гэж гүлдийх болгондоо сошиал платформд сэдэв хаяж өгөөд хоорондоо сайхан гөвөлцөж байна.
Үүнтэй холбоотой өмнөх нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )