Спортын гэрэл зурагчин С.Энхжаргал ​​​​​​​"AIPS Sport Media Awards"-ын БАТЛАМЖ гардлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Олон Улсын спортын сэтгүүлчдийн холбоо (ОУССХ)-ны “AIPS Sport Media Awards 2025” уралдаанд амжилттай оролцож, “Хүү төрвөл бөх болно” бүтээлээрээ Ази тивийн гэрэл зурагчдыг тэргүүлсэн фото сэтгүүлч С.Энхжаргалд өнөөдөр ОУССХ-ноос ирүүлсэн Батламжийг гардууллаа. 

Спортын сэтгүүлч, гэрэл зурагчид, уран бүтээлчдийн жил бүр өрсөлддөг "AIPS Sport Media Awards 2025" уралдааны дүн гарахад Монголын фото сэтгүүлч Сугаржавын Энхжаргал Photography Portfolio (цуврал фото) ангилалд шилдэг 10-т багтаж, улмаар түүний бүтээл Ази тивдээ тэргүүлсэн юм.

Удам залгасан спортын гэрэл зурагчин тэрбээр "Хүү төрвөл бөх болно" (If a son is born, he will be a wrestler...) нэртэй энэхүү бүтээлээ 2025 оны долоодугаар сарын 9-нд Төв аймгийн Цээл сумын наадмаар буулгасан байна.
 




"AIPS Sport Media Awards 2025" уралдаанд нийтдээ 130 орны 1987 сэтгүүлч оролцсон бөгөөд шагналтнуудын нэр 2026.04.10-нд Швейцарийн Лозанн хотноо тодорсон юм.

"AIPS Sport Media Awards" нь дэлхийн спортын сэтгүүл зүй, гэрэл зураг, мультимедиа бүтээлүүдийг үнэлдэг нэр хүндтэй шагнал бөгөөд жил бүр олон орны шилдэг уран бүтээлчид өрсөлддөг. Ийм өрсөлдөөн дундаас С.Энхжаргал ийнхүү тивдээ тэргүүлсэн нь түүний ур чадвар, харах өнцөг, уран бүтээлийн үнэ цэнийг батлан харуулж байна.

Түүний энэхүү амжилт нь зөвхөн хувь хүний амжилтаар хязгаарлагдахгүй, Монголын спортын гэрэл зураг олон улсад үнэлэгдэж, шинэ түвшинд хүрч байгааг илтгэх чухал үйл явдалд тооцогдож буйг онцлох нь зүйтэй. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top