Рагбигийн Шигшээ баг бүрдүүлэх УАШТ маргааш болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Рагби7 олимпын спортын төрлийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны зургаадугаар сарын 20-ны өдөр 10:00–18:00 цагийн хооронд "Степп Арена" спорт цогцолборын хажуугийн хөлбөмбөгийн талбайд зохион байгуулагдана.

Монголын Рагбигийн холбоо 2013 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэхүү тэмцээн нь хүүхэд, залуучуудыг олимпын спортын төрөл болох рагбигаар хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, үндэсний шигшээ багийн залгамж халааг бэлтгэх, олон улсын тэмцээнүүдэд өрсөлдөх чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилготой юм.

Энэ жилийн тэмцээний онцлог нь өнгөрсөн тавдугаар сард Бүгд Найрамдах Узбекистан Улсад зохион байгуулагдсан Төв болон Зүүн Азийн Рагби-7 аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид клубүүдэд хуваарилагдан тоглож байгаагаараа онцлогтой. Ингэснээр үзэгчид болон залуу тамирчид олон улсын түвшний туршлага хуримтлуулсан шилдэг тоглогчдын ур чадвар, өрсөлдөөнийг нэг дороос үзэх боломжтой болж байна.

Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шилдэг тоглогчдыг сонгон шалгаруулж, энэ оны арваннэгдүгээр сард Тайваньд зохион байгуулагдах Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг сэлбэн бүрдүүлэхээр төлөвлөжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top