АЙЛЧЛАЛ | Монтенегро улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
50 минутын өмнө

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович энэ сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.

Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Ерөнхийлөгч Я.Милатович төрийн тэргүүний түвшинд анх удаа айлчлах гэж байна.

Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана.

Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

 

Айлчлалын үеэр Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзаж байжээ.

Энэ үеэр дээд, өндөр түвшний айлчлал хийх, улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтран ажиллах сонирхлоо харилцан илэрхийлсэн юм.

Монгол Улс, Монтенегро Улс 2006.11.30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байна. Манай анхны сонин хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг”-ийн 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын газар нутаг, хүн ам, төрийн тогтолцоо болон онцлогийн талаар танилцуулсан байдаг билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top