“Хятадын нөлөө нэмэгдэж буй цаг үед Япон, Монгол улс харилцаагаа бэхжүүлэхээр боллоо”

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги энэ сарын 3-4-ний өдөр Монгол Улсайд айлчилсан. Тэгвэл энэ айлчлалын талаар “Майничи” сонин мэдээлэхдээ “Хятадын нөлөө нэмэгдэж буй цаг үед Япон, Монгол улс харилцаагаа бэхжүүлэхээр боллоо” гэж мэдээлсэн байна.

Уг мэдээлэлд “Энэ удаагийн айлчлал Хятад, Монголын Гадаад хэргийн сайд нар энэ оны эхээр уулзсан хэлэлцээний дараа болсон юм. Токио болон Бээжингийн зүгээс Хятад, Оросын хорронд орших стратегийн ач холбогдолтой улстай таатай харилцаагаа хадгалахыг зорьж байна” гэсэн байна.

Түүнчлэн хоёр улсын Гадаад харилцааны сайд нар гурван сарын дотор хоёр дахь удаагаа уулзсаныг дурдаад, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс, “чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутаг” үзэл баримтлалыг чухал боолохыг нотолсон тухай тодотгожээ.

Түүнчлэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, эдийн засаг, аюулгүй байдал, хиймэл оюун ухааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болсныг онцолжээ.

Монгол Улсад Японы Гадаад харилцааны сайд дөрвөн жилийн өмнө айлчилж байсан түүхтэй. Энэ удаагийн айлчлалыг “Майничи” сонин ийнхүү гарчиглан хүргэсэн нь Япон болон Хятадын харилцаа огцом муудсантай холбоотой байж болзошгүй. Учир нь тус сонин уг мэдээллийн төгсгөлд Япон-Хятадын харилцаанд сэв суусан асуудлыг цухас өгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top