Мобикомын ДЭЭРЭЛХЭЛ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын 80% үнс боллоо. Нийт 582.2 мянган га талбайтай энэ газрын 80 хувь нь үнс болсон гэхээр ямархан хэмжээний сүйрэл гэдэг нь тодорхой харагдана. Хэргийн эзэн нь “Мобиком” корпорац. Сүлжээ суурилуулж байсан машин шатсаны улмаас хээрийн түймэр дэгдсэн. Түймрийг унтраахад монголын талаас 109 хүн, 18 автомашинтай ажилласан. Хятадын талаас 58 хүн, 14 техниктэйгээр ажиллаж цурманд оруулжээ. Мэдээлийн хэрэгслүүдээр “Мобиком”-ын гүйцэтгэх захирал, Японы иргэн Ясүхиро Очи, захирлын туслах Ашина, бизнес хариуцсан дэд захирал Б.Мөнхзориг, “Мобиком нэтворкс”-ийн захирал Б.Отгончимэг, техникийн албаны захирал А.Даваасүрэн тэргүүтэй хүмүүс олон машинтай явж байсныг барим, тавим мэдээлдэг. Дараа нь гарсан мэдэгдэл нь тарьсан балгаасаа ч зүрх зүсмээр.

Жижиг эдийн засагтай Монгол Улсад “Мобиком” нь “том” байж болно, ок. “ТОП-100” гэдэг хятадад үйлдвэрлэсэн алтан пайзыг 14 жил дараалж авсан байж болно, орхиё. Монголд үйл ажиллагаа явуулахдаа Хятадын “ZTE”, “Huawei” компанийн төхөөрөмжийг ашиглан, дамлаж үйлчилгээ үзүүлдгийг нь ч мартъя. Гэлээ гээд тусгаар улсын тусдаа хуулийг үл тоож уландаа гишгээд, хямралын менежментгүй дээрэлхэж байгаад гайхаад байгаа юм.

“Хуульгүй” дээрэлхэл

Эхлээд хууль ярья.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлд Ой хээрийн түймэр тавих гэмт хэргий дараах байдлаар хуульчилсан байдаг.

24.7 дугаар зүйл.Ой, хээрийн түймэр тавих

1.Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас:

3.1.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон;

3.2.их хэмжээний хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжоор байгаль орчинд хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна учруулсан хохирлыг заавал нөхөн төлүүлдэг.

Түүнчлэн Байгаль орчнымг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар байгалийн баялаг, экосистемд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг 2-5 дахин нугалж төлүүлдэг. Тухайлбал ойн санд учруулсан хохиролыг тухайн шатсан ой мод, ургамлын ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж тооцдог бол түймрийн улмаас үрэгдсэн ховор, нэн ховор амьтдын үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж тооцдог. Харин шатаж устсан ховор ургамлын үнэлгээг 5 дахин нэмэгдүүлж тооцно. Хөрсний доройтол, бохирдлын үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж тооцдог байна.

Хохирлын үнэлгээг тогтоохдоо мэргэжлийн байгаль орчны үнэлгээний байгууллага болон шинжээчид түймэрт өртсөн талбайн хэмжээ, устсан мод, амьтан, ургамал бүрийг тусгай аргачлалаар тооцож, мөнгөн дүнгээр тооцдог. Дархан цаазат газрын хохиролын үнэлгээ асар өндөр дүнтэй гардаг.

Менежментгүй дээрэлхэл

“ТОП-100” гэсэн “хужаа” пайзаа хүзүүндээ өлгөөд зайдалж явсан “Мобиком” олон улсын хямралын менежмент, мэргэжлийн ёс зүйгүй сулдаа ганхаж байж. Олон улсын жишгээр бол хямрал гарсан даруйд 24-48 цагийн дотор компанийн гүйцэтгэх захирал эсвэл ТУЗ-ийн дарга биечлэн уучлал гуйдаг. Уучлал гуйхдаа “гэхдээ”, “уг нь” гэж булзайруулсан үг хэлэхгүй, тэр ч бүү хэл өмнө нь хийж байсан “мундаг” үйл ажиллагаануудаа тайлагнахгүй байдаг номтой. Буруугаа шууд хүлээн зөвшөөрнө. Нийгмийн мораль, ёс зүй төлөвшсөн улс орнуудын бизнесийн солёьд нөхөн төлбөр бол хамгийн бага хариуцлага байдаг. Тэнд компанийн хуулийн хариуцлагааас гад ёс зүйн хариуцлага гэж том юм бий. Ёс зүйн хариуцлагаа дагаж байгаль орчныг нөхөн сэргээх, нутгийн иргэдтэй хамтран ажиллах сайн дурын кампанит ажлыг шууд зарладаг. Алтан пайзтай “Мобиком” гэтэл ямар байгаа билээ дээ.

“Алтан пайзтай, дамын корпорац” ёстой ийм зүйл болоогүй гээд мэдэгдэл гаргаад дээрэлхэж байна.

Үүнээс гадна мэдээллийн ил тод байдлыг баримталж, нээлттэй байх ёстой. Тухайлбал BP, Volkswagen компаниуд экологийн томоохон гамшиг тарьсан үедээ хямралын веб хуудас нээж, дотоод мөрдөн шалгах ажиллагааны болон хууль хяналтын байгууллагын мэдээллийг ил тод нийтэлж, өдөр бүрийн мэдээллийг бодит цагийн горимоор тайлагнаж, хараат бус мэргэжилтнүүд байлцуулсан ажлын хэсэг ч байгуулж байсан түүхтэй. Гэтэл Мобикомын тухайд удирдлагуудынх нь хувийн эсвэл албаны машин байсан эсэх, яг мар нөхцөл байдлаас болж гал гарсан талаарх мэдээлэл хаалттай байна. Албан ёсны тайлбар ч хийгээгүй.

Соёлт хүн төрөлхтний бизнесийн соёлд тухайн гамшигт холбогдсон компанийн ажилтнууд, эсвэл удирдлагууд хэргийн үнэн зөв тогтоогдох хүртэл албан тушаалаасаа түдгэлздэг. Компанийн нэр хүндээ бодооод сайн дураараа огцордог ч тохиолдол бий. Гэвч “алтан пайзтай, дамын корпорац” ёстой ийм зүйл болоогүй гээд мэдэгдэл гаргаад дээрэлхэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top