Аравдугаар сарын 21-22-нд зарим аймаг, сумдын нутгаар цас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа.
Тодруулбал, аравдугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд аймгийн өмнөд хэсэг, Увс, Говь-Алтай аймгийн зарим нутаг, Баянхонгор, Өвөрхангай аймгийн хойд хэсэг, Завхан аймгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Архангай аймгийн баруун сумдын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Мөн аравдугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий, Ховд аймгийн өмнөд хэсэг, Завхан аймгийн зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн хойд хэсэг, Архангай, Хөвсгөл, Булган, Төв аймгийн зарим нутаг, Сэлэнгэ аймгийн ихэнх сумдын нутгаар 0.0-8.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Түүнчлэн Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхины хурд секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх бөгөөд шороон шуурга шуурахыг анхаарууллаа.
Иргэд, малчид, жолооч нарыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Малчид малаа уруудаж, төөрөхөөс хамгаалан, цаг агаарын нөхцөлд тохируулан бэлтгэлээ хангах, жолооч нар цас, шуурганы үед замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )