Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

45 минутын өмнө

Оны гарснаас хойш гол, нуурын мөс цөмөрсөн 17 дуудлага бүртгэгджээ

2026 он гарснаас хойш аравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрсөн нийт 17 дуудлага, мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.

Аравдугаар сард мөс цөмөрсөн хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, энэ сарын 20-нд Архангай аймгийн “Ноогт” нуурын мөс цөмөрч, суудлын автомашин живсэн дуудлага иржээ. Онцгой байдлын алба хаагчид ажиллаж, живсэн автомашиныг татан гарган, иргэн Ч.Э-д хүлээлгэн өгсөн байна.

Мөн энэ сарын 21-нд Хэнтий аймгийн Хэрлэн суманд бага насны хоёр хүүхэд мөсөн дээр тоглож байгаад мөс цөмөрч, голын эрэг рүү буцаж гарч чадахгүй байжээ. Аврагчид хүүхдүүдийг эсэн мэнд гарган, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Гол, нуурын мөс бүрэн хөлдөж, аюулгүй зузаантай мөсөн бүрхүүл тогтоогүй энэ үед мөсөн дээр зорчих, тоглох нь амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэйг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.

Иймд иргэд, ялангуяа эцэг эхчүүдийг хүүхдүүдээ гол, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top