Дэлхийн монгол хэл, соёлын багш нар Истанбул хотноо чуулж байна

Я.Болор | Zindaa.mn
47 минутын өмнө

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлтэй хамтран "Дэлхийн монгол хэл, соёлын багш нарын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн-II"-ыг зохион байгуулж байна.

Хурлын нээлт 2026 оны аравдугаар сарын 26-ны өдөр Турк Улсын Үндэсний боловсролын академийн Истанбул дахь Сургалт, хөгжлийн төвд болж, АНУ, Австрали, Швед, Герман, БНТУ, Бельги, БНЧУ, Швейцарь, Испани, Япон, БНСУ, Тайвань зэрэг орны Монгол сургууль, холбоо, сургалтын төвүүдийн багш нар оролцож байна. Мөн ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, СУИС-ийн эрдэмтэн, судлаачид оролцож, нийт 60 орчим төлөөлөл хуралдаж байна.

Нээлтийн ажиллагаанд БСҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Жавзандулам, Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Д.Анхбаяр, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Г.Мөнхцэцэг нээлтийн үг хэлэв. Мөн УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, ШУА-ын ХЗХ-ийн захирал О.Шинэбаяр нар мэндчилгээ дэвшүүлэв. 2025 онд АНУ-ын Вашингтон хотноо анх удаа хуралдсан багш нарын хурлын үр дүн, оролцогчдын санал хүсэлтийг харгалзан энэ удаагийн хурлыг эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөний хэлбэрээр өргөжүүлэн зохион байгуулж байна.

Хурлын эхний өдрийн эрдэм шинжилгээний хуралдаанд дараах сэдвээр илтгэл хэлэлцлээ. Үүнд:

• Хос хэлний сургалтын олон улсын чиг хандлага;

• Хос хэлтэй хүүхдэд зориулсан хэлний стандартын харьцуулсан шинжилгээ;

• Монгол хэлний стандартын бүтцийн хүрээ;

• Олон хэлний орчинд заах үгийн сангийн судалгаа;

• Баян-Өлгий аймгийн монгол хэлний жишиг хөтөлбөрийн хэрэгжилт.

Илтгэл, хэлэлцүүлгийн үеэр оролцогчид санал солилцож, гадаадад амьдарч, суралцаж буй монгол хүүхдийн хэлний онцлогийг харгалзсан стандарт, сургалтын багц хэрэглэгдэхүүн шаардлагатайг онцоллоо. Хурал 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд 10-р сарын 28-ны өдөр Истанбул дахь "Монгол хүүхдүүдэд ерөнхий боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалтын төв"-д хэлний дөрвөн чадварыг хөгжүүлэх үзүүлэх хичээл, хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Хурлаар хэлэлцүүлсэн илтгэлүүдийг БСҮХ-ийн "Боловсролын судалгааны Монголын сэтгүүл"-д тусгай дугаар болгож хэвлэх юм. Хэлэлцүүлгээр багш, мэргэжилтнүүдээс авсан санал, зөвлөмж хос хэлтэй хүүхдийн монгол хэлний стандартын бүтцийн хүрээг тогтооход чухал хувь нэмэр болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top