Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Гэр бүлийн боловсрол” хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх онолын сургалт амжилттай болж, 30 оролцогч батламжаа гардан авлаа.
Тус хөтөлбөрийг Цагдаагийн гуравдугаар хэлтсийн харьяа 15 хороонд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эдгээр хороо болон сургуулиудын нийгмийн ажилтнууд сургагч багшаар бэлтгэгдсэн байна.
Сургалтаар дараах зургаан үндсэн модулийг судалжээ. Үүнд:
Гэр бүлийн харилцаа, соёл, ёс уламжлал, үнэт зүйл
Хүчирхийллээс ангид, эрүүл, тогтвортой гэр бүл
Хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчин, эцэг эхийн үүрэг, хариуцлага
Хүүхэд хамгааллын бодлого, арга зүй
Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх арга зүй, гэр бүлийн хүмүүжлийн үр нөлөө
Ажил, амьдралын тэнцвэр ба хүүхдэд зориулах үр бүтээмжтэй цаг
Бэлтгэгдсэн сургагч багш нар хариуцсан хороо, сургуульдаа онолын сургалтаар эзэмшсэн мэдлэг, арга зүйгээ түгээн дэлгэрүүлж, практикт хэрэгжүүлэх юм.
Хөтөлбөрийн ач холбогдлын талаар төслийн удирдагч, Гэр бүлийн судалгаа, боловсролын үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, гэр бүл судлаач, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр бүлийн хүчирхийлэл, салалт, архидалт зэрэг өнөөгийн нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах боломжтойг онцоллоо.
Сургагч багш нарын батламжийг Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, 40 дүгээр хорооны Засаг дарга Ц.Одонтөгс болон тус хурлын төлөөлөгч, 17 дугаар хорооны Засаг дарга З.Цэрэнмаа нар гардуулан өглөө.





Сэтгэгдэл ( 0 )