Ирэх оны нэг, хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

О.Должин | Zindaa.mn
42 минутын өмнө

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2026 оны арванхоёрдугаар сараас 2027 оны хоёрдугаар сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.

Арванхоёрдугаар сард Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэр аймгийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хойд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Харин бусад нутгаар дунджийн орчим байх аж.

Түүнчлэн энэ сард Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговь аймгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөв гарчээ.

Харин 2027 оны нэгдүгээр болон хоёрдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд нэгдүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар, хоёрдугаар сард төвийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байгаа юм.

Температурын хувьд арванхоёрдугаар сард уулархаг нутгаар -22...-30 хэм, говийн нутгаар -10...-16 хэм, бусад нутгаар -16...-22 хэм хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр сард Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Их нууруудын хотгороор -26...-32 хэм хүрч хүйтрэх бол говийн нутгаар -12...-16 хэм байна. Харин хоёрдугаар сард уулархаг нутгаар -22...-28 хэм, говийн нутгаар -6...-12 хэм хүйтэн байх төлөвтэй гэж тооцоолжээ.

Урьдчилсан төлөвөөс үзэхэд өвлийн саруудад хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох эрсдэлтэй байна.

Энэ нь малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчний хангамжид богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул иргэд, малчид тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрд нь авч, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top