”Хүүхдүүд чинь шуугиад байна” гээд нүдийг нь зад бууджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 09

Өнгөрсөн сарын 24-нд Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны 20 дугаар байранд амьдардаг н.Батчулуун гэгч хөршийнхөө эхнэрийн нүдийг зад буудаж гэмтээсэн байна. Хохирогчийн цагдаад өгсөн мэдүүлгээс үзэхэд "Тэр үед нөхөр маань хүүтэйгээ хамт түр гадагшаа гарсан байсан.

Тэгээд нөхөр орж ирэхгүй удаад байхаар нь охин бид хоёр нөхрийнхөө араас байрныхаа үүдэнд гарч иртэл хөрш залуу их ууртай гарч ирснээ "Та нар ямар их шуугидаг юм бэ. Дандаа ингэж шуугиж, хүүхдүүд нь орилж байх юм" гээд намайг өшиглөсөн. Тэр залуу урьд нь хүүхдүүдтэй цахилгаан шатанд таараад "Битгий шуугиад бай" гэж загнасан гэсэн. Манайх энгийн л нэг айл. Мэдээж хүн амьдарч байгаа болохоор чимээ гарч л таарна шүү дээ. Манай дээд давхрын айлын хүүхэд ч гэсэн үсэрч дэвхэрч л байдаг юм. Нөгөө талаар одооны барилгуудын хана нимгэн болохоор хажуу айлын дуу чимээ тод сонсогддог. Гэтэл хүүхдүүд чинь шуугиад байна гээд буудна гэсэн чинь юу гэсэн үг вэ. Хийн буугаар буудсанаас миний нүдний бүрхүүл задарсан. Нэг нүд маань одоо харах ямар ч боломжгүй болсон. Нүдийг маань бүр мөсөн ухаад авчихсан. Гоо сайхан талаасаа ч эвгүй юм" гэж ярих эмэгтэйн нүдний ухархайн доторхи шингэн нь шархлаад гоожсон гэнэ.

Тиймээс сэргээгдэх мэс засал хийлгэсэн боловч баруун нүдгүй болжээ. Тэрбээр "Намайг буудсан хүн хүүхдүүдэд маань дахиад гай болох вий гэхээс айж байна" гэж байлаа. Харин түүний нөхөр мэдүүлэг өгөхдөө "Маргаан болж байх үед би ирж таарсан юм. Тэр үед манай эхнэр хөрш залуутай "Чи хүүхэдгүй юм уу. Хаустаа очиж амьдрах чинь яасан юм" гээд маргалдаж байсан. Тэгээд намайг тэр хоёрын дэргэд очихын зуур эхнэрийг маань өшиглөөд унагаачихсан. Тэгэхээр нь би "Чи эмэгтэй хүнд гар хүрээд байхдаа яадаг юм бэ" гээд салгасан. Тэгтэл тэр хун "Та нарыг бүгдийг чинь ална" гэж хэлээд гэр рүүгээ орсон. Үүнээс таван минут орчим өнгөрсний дараа би хүүтэйгээ хамт машинаасаа юм авах гээд бууж явсан чинь гэнэт пирхийсэн чимээ гарч, охин маань орилсон.

Юу болчихов оо гэж бодоод эргээд шатаар өгстөл охин маань урдаас гүйж ирээд "Аав аа, ээжийг буудаад унагачихлаа ш дээ" гэж хэлсэн. Тэгээд л би дээш гүйгээд гартал эхнэртэй маань маргалдаж байсан залуу шатаар зөрөөд буусан. Тэр эхнэрийг маань буудсан байсан. Намайг очиход эхнэр маань есөн гишгүүр орчим шат руу өнхөрч, нүүрнийх нь орчмоос маш их цус гарч байсан. Тэгээд шууд цагдаа, түргэн дуудсан. Түргэний машинд эхнэрийн маань зүрх нь муудаад их эвгүйтсэн. Баруун нүд нь тэр чигтээ задраад, гадна талынх нь тулгуур яснууд нь бутарчихсан байсан.

Харин хэсэг хугацааны дараа эхнэрийг маань буудаж гэмтээсэн залуу цагдаа нартай юм ярьчихсан хээвнэг орж ирсэн. Хүйтэн зэвсэг гэр орондоо байлгаж байсан, хүний аминд хүрэхээ шахсан хүн одоо болтол баривчлагдаагүй гадуур явж байгаад гайхаж байна. Тэр хүнтэй би саяхан цагдаагийн газарт тааралдахад "Чиний хаана хүрэхийг харъя. Энд юу хийж яваа юм" гэж хэлсэн. Хэрэг болсон даруйд Хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн ирсэн. Тэд манай ирчихээд ядаж зураг ч аваагүй. Уг нь хэргийн газар зураг авч баримтжуулж, үзлэг хийдэг баймаар юм" хэмээн бухимдаж байлаа.

Энэхүү гэмт хэргийг үйлдсэн этгээд хаана, юу хийдэг талаар тодруулахад, нэгэн байгууллагад хамгаалагч хийдэг гэхээс өөр мэдээлэл олдсонгүй. Хохирогчдын хэлснээр дээрх этгээд танил тал ихтэй, нэлээд дээрэлхүү нэгэн бололтой. Түүнчлэн хохирогчдын хүүхдүүдийг гэртээ байх үед нь дугуй тоорцог малгайтай бүдүүн хүн орж ирээд, "Хүн байна уу. Та нартай тохиролцох гэсэн юм" гэж хэлсэн гэнэ. Хамгийн хачирхалтай нь дээрх хэргийг үйлдсэн этгээдийг одоо хүртэл саатуулаагүй байгаа ажээ.

Д.Сүхбаатар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top