Хууль бусаар өвчтөний хуурамч түүх бичиж, мөнгө завшсан эмч нарын хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард илэрсэн. Энэ хэрэгт 2000 орчим хуурамч түүх бичин, 200 сая гаруй төгрөг шамшигдуулсан хэмээн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалагийг Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн юм.
Түүнийг эмнэлгийнхээ эмч нараар хуурамч түүх бичүүлэхийг шаарддаг байсан. Мөн хуурамч түүх бичээгүй эмчийг ажлаас нь халсан. Харин ажлаасаа халагдсан эмч Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт өргөдөл өгснөөр хэрэг илэрсэн хэмээн хэвлэлээр цацагдсан билээ. Мөнгө завшсан гэх эмнэлгийн удирдлагуудын хэргийн мөрдөн байцаалтын ажил дуусч, прокурорт шилжүүлсэн ч хэрэг шийдэгдэхгүй удаж байна.
Иймээс хэрэг ямар шатандаа явааг тус хэрэг дээр хяналт тавин ажиллаж байгаа нийслэлийн хяналтын прокуророос тодрууллаа.
-Эмнэлгийн удирдлагууд өвчтөний хуурамч түүх зохион, мөнгө завшсан хэрэг танайд ирээд их удаж байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Манайд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалаг эмчийн хэрэг шалгагдаж байна. Гэхдээ мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй.
-Хэргийн байцаалт дуусч, прокурорт шилжүүлсэн гэсэн?
-Энэ хэрэг нэлээд угжирсан. Олон жилийн өмнөөс хуурамч өвчтөний түүх бичиж, нийгмийн даатгалаас мөнгө авдаг байсан бололтой. Гэхдээ яг нотлогдоогүй. Хэргийг шалгаж байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа. Манай прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.
-2000 орчим түүх бичиж, 200 сая гаруй төгрөг завшсан гэх юм?
-Хуурамч өвчтөний түүх бичиж, их хэмжээний мөнгө шамшигдуулсан эсэхт шалгаж хийж байгаа. Тэгснээс хэн нэгэн хүний хэлснээр шийдээд нотолчих хэрэг биш. Шалгалтыг нарийн өргөн хүрээнд явуулж байгаа. Учир нь маш олон жилийн өмнөх өвчтөний түүхтэй танилцаж, өвчтөн нэр, регистрийн дугаар зэргийг тулгаж, эмчлүүлж байсан эсэхт шалгалт хийж байгаа юм.
Б.Батчимэг
Сэтгэгдэл ( 0 )