Нэгдүгээр ангийн сурагчдын цүнх таван кг байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 29

Сурагч болж байгаа зургаан настанууд өөрөөсөө том цүнх үхүнд цүнх үүрдэг билээ. Тогтмол хүнд зүйл өргөх нь бага насны хүүхдийн эрүүл мэнд болон өсөлтөд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс Стандартчилал хэмжил зүйн газраас нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүдийн дунд судалгаа явуулсны үндсэн дээр стандарт тогтоожээ. Мөн бага ангийн сурах бичгийн хэмжээ, жинг хүртэл нарийвчлан тогтоолоо.
Нэгдүгээр ангийн нэг сурагчийн монгол хэл, математикийн сурах бичиг, бэлтгэл хөтөлбөр, хүн орчин, дүрслэх урлаг, технологи, хөгжмийн хичээлийн дасгал ажлын дэвтрүүд болон монгол хэлний хичээлийн хичээнгүй бичиг, математикийн дасгал ажлын дэвтрүүдийн нийт жин 1325г байна. Өдөр тутмын хичээлд байнга хэрэглэдэг үзэг, харандаа, дэвтэр, баримлын шавар гэх мэт хичээлийн хэрэгслүүдийн дундаж жин 2730г байна. Сурагчдын цүнхэнд байдаг дээрх зүйлсийн нийт жин 4135г байхаар тогтоожээ.
Сурагчид дээрх сургалтын хэрэглэгдэхүүнээс гадна тоо тоололд ашиглах ууттай шагай, савх, шоо, үсэг, үе нүдлэхэд шаардлагатай хэвлэмэл материалуудаас гадна сургалтын нэмэлт гарын авлагуудыг /ялангуяа математик, монгол хэлний хичээлд/ цүнхэндээ авч явдаг. Эдгээрийн дундаж жин ойролцоогоор 350-450г байна. 6 настай сурагчдын тоглож наадах хэрэгцээ харьцангуй илүү байдаг тул тэдний цүнхэнд хайртай тоглоом нь ч байдаг. Иймээс нэгдүгээр ангийн сурагчдын цүнхний хүндийн жин ойролцоогоор 5кг байх үндэслэлтэй байна. Манай улсын судлаачид 6 настай эрэгтэй хүүхдийн биеийн жин дунджаар 19.2 кг, эмэгтэй хүүхдийнх дунджаар 18.8 кг байдгийг тогтоожээ. Зарим улс оронд хүүхдийн цүнхний хүндийн жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэж үздэг байна. Хэрвээ түүнээс илүү жинтэй бол хүүхдэд хүчилтөрөгчийн нэмэлт хэрэгцээг бий болгодог байна. Эдгээрээс үзвэл 6 настай сурагчийн цүнх 2кг-аас хэтрэхгүй жинтэй байх нь зохистой байна. Нэгдүгээр ангийн сурагчийн цүнх зохист хэмжээнээс илүү хүнд байгаа нь тэдний бие бялдарын өсөлт, хөгжилд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй цаашид нурууны өвчлөлд өртөх магадлал өндөр байдаг тул дараах зөвлөгөөний дагуу сурагчдын цүнхний хүндийг жинг багасгах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилтэд эцэг эх болон багш нар нь хяналт тавих ёстой ажээ. 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top