Монголд цөмийн хаягдал булшлах гэж байгаа талаар Японы Майничи сонины анхны нийтлэл энэ оны 3 сарын 29-нд гарсан юм. Үүнээс хойш дэлхий даяар шуугиан дэгдэж байна. Америк, Японы энэхүү санаархалд дургүйцсэн монголчууд эсэргүүцлээ илэрхийлсээр. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Америкт айлчлахад тэнд ажиллаж амьдарч байгаа хэсэг монголчууд “Монголд цөмийн хаягдал булшлах ёсгүй” гэсэн шаардлага тавьсан. Дараа нь Америкийн дэд Ерөнхийлөгчийг Монголд айлчилахад Ногоон эвсэл болон зарим улс төрийн нам, хөдөлгөөнүүд “Жозеф Байден та гэртээ харь” гэсэн лоозонтой угтсан юм. Америкийн Элчин сайд харин “Америк улс Монголд цөмийн хаягдал булшлах тухай ямар ч гэрээ хэлэлцээр хийгээгүй” гэж мэдэгдсэн юм. Мөн манай Гадаад харилцааны яам ч ийм утгатай мэдэгдэл хийж байлаа. Гэтэл одоо арай өөр зүйл яригдаж эхэллээ. Судлаач А.Саруул “Япон, Америкийн холбогдох албаныхантай манай Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд А.Ундраа, Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, “Мон-Уран” компаний захирал, УИХ-ын гишүүн асан Бадамдамдин нар урьдчилсан байдлаар уулзаж, санал солилцож байсан. Мөн ахмад дипломатч Луузан дараа нь тэдний ярьсны дагуу Япон, Америкийн цөмийн энергийн албаныхантай уулзаж, хэлэлцээрийн эхний шатны зүйлсийг тохиролцсон” гэв.
Ер нь АНУ цөмийн хаягдлаа Монголд булшлах сонирхолтой байгаа тухай шуугианыг тус улсын Энергийн яам дарах гэж хэдэн сарын турш оролджээ. Гэтэл тэдний сонирхол сүүлдээ цөмийн хаягдал булшлах асуудлаас хальж, бусад улс орнуудаас лизингээр уран авч, оронд нь цөмийн түлш өгөх гэж буй нь илчлэгдэж эхлэв.
Энэ чиглэлийн ажил эрхэлдэг нэгэн томоохон албан тушаалтан цахим хуудсаар дамжуулан Америк улс Монгол, Япон, Арабын Нэгдсэн Эмират зэрэг хэд хэдэн оронтой лизингээр цөмийн түлш олгох арилжааны гэрээ хийхээр ярилцаж байгаа тухай дурьджээ.
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас “Цөмийн түлшний банк” байгуулах тал дээр эрс шулуун байр суурьтай байна. Үүнийг нь Оросууд дэмжиж байгаа ажээ. Мөн өөрийн газар нутаг дээрээ тэрхүү “цөмийн түлшний банк” байгуулах саналыг Казахстан улс дэмжиж байгаа юм байна. Үүний зэрэгцээ Америк ч бас цөмийн банк бий болгох төлөвлөгөө боловсруулжээ. Гэхдээ тус улсын цөмийн шинжээч нар цөмийн талаар туршлагагүй улс оронд хэрхэн нийлүүлэх талаар санал зөрөлдөж байна.
АНУ цөмийн хаягдлаа Монголд булшлах гэж байгаа тухай яриа анх өнгөрсөн 3 дугаар сарын сүүлчээр Карнегийн олон улсын цөмийн бодлогын бага хурлын үеэр гарчээ. Энэ хуралд Америкийн төрийн департментын Цөмийн энерги, аюулгүй байдлын газрын дарга Ричард Стрэтфорд оролцохдоо олон улсын цөмийн хаягдал агуулах цэгийг Монголд барих гэж байгаа тухайгаа ам алдсан байна. Тэрээр хэлэхдээ “Америкийн албаныхан Монголтой цөмийн салбарт хамтран ажиллах 123 дугаар гэрээ байгуулахаар ярилцаж байгаа бөгөөд тэрхүү гэрээнд олон улсын цөмийн хаягдлыг зарим хэлбэрээр Монголд булшлах тухай асуудал ч багтсан” гэжээ.
Хэдийгээр энэ бүхнийг Америк, Монголын талын эрх баригчид үгүйсгэж байгаа ч гэсэн хоёр орон өнгөрсөн онд цөмийн технологи, түүн дотроо цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хог хаягдлын менежментийн асуудлаар хамтран ажиллах харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурсныг мартаж боломгүй байна.
Хэрвээ Америк цөмийн түлш лизингээр олгох арилжааны гэрээ хийх бол энэ нь олон улсын журмын дагуу болох ёстой. Одоогоор аль ч тал нь тийм алхам хийгээгүй байна. Монгол улс Олон улсын цөмийн энергийн хамтын нөхөрлөлийн байгууллагад ажиглагч гишүүн бөгөөд ураны нөөц ихтэй тул ийм гэрээнд хамрагдах боломжтой юм. Гэвч монголчууд цөмийн ямар ч туршлагагүй. Ийм атал дээрх санамж бичигт гарын үсэг зурсан хүмүүсийн нэг нь Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ажээ. Ногоон эвсэлийнхэн түүний энэ үйлдлийг нотолжээ. Тиймээс огцрохыг шаардаж байгаа юм байна. Төрийн өндөрлөгүүдийн түвшинд ч бас Г.Занданшатарын энэхүү цөмийн хаягдлын асуудлаар дур мэдэн шийдвэр гаргасан явдлыг хүчтэй ярилцаж эхэлжээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )