Хотын агаарын бохирдол улам нэмэгдсээр байна. Хүн амын дунд уушигны өвчлөл өссөөр. Үүнд УИХ-ын гишүүд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байна гэвэл хэтрүүллээ хэмээн ундууцахгүй болов уу. Тэд сонгогдсон тойрогтоо гэр тараах нь нэг ёсны уралдаан болж хувирчээ. Хэн нь хэнээсээ өрсөж, хэдэн гэр тараах вэ гэсэн өвөрмөц бөгөөд хорлонтой уралдаан өрнөж байна. Айл өрхөд гэр олгох нь буянтай үйл мэт боловч утааны яндангийн тоог л нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс улс төрчдийг энэ утгаар нь “нүгэлтнүүд” гэвэл илүү зохих юм шиг. Саяхан УИХ-ын гишүүн Д.Загджав тойргийнхоо гишүүд дэмжигчдэд 40 гэр өгчээ. Ингэж гэр түгээхдээ “Чингэлтэй дүүргийнхээ амьдралын түвшин доогуур, орлого багатай, хөгжлийн бэрхшээлтэй, иргэд, орон гэргүй хүмүүст гэр өгч орох оронтой, оочих аягатай болгож байгаа юм” хэмээн шоудав. Үнэн хэрэгтээ энэ бол бөөн гай авчирч буй хэрэг. Ядуу ч бай, хөгжлийн бэрхшээлтэй ч бай тэдгээр иргэдийг ядаж түүхий нүүрс хэрэглэдэггүй, хуванцар сав, цаас, машины дугуй шатаадаггүй зуух бүхий орон гэртэй болгосон бол өөр хэрэг байлаа. Энэ мэтээр гэр тарааж нийслэлчүүдэд утаа нэмж байгаа нөхдүүд олон байна.
Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон Ц.Мөнх-Оргил бас 50 гэр олгожээ. Тэгвэл түүнээс дээгүүр “амжилт” тогтоох гэсэн мэт Баянзүрх дүүрэгт Д.Ганхуяг гишүүн 90 гэр тараав. Түүнийг даган баясагчид “Иргэдээсээ гар татдаггүй төрийн түшээ” хэмээн ам уралдан магтацгаалаа. Үхэл таригч хорт утаа “бэлэг” болгон өгсөн гэж шуудхан хэлчих эх орон ч аавын хүү даанч алга. Тэдний өгч байгаа гэрийг бариад амьдарна гэдэг бас л төвөгтэй. Дан бүрээстэй тул ядуус нь даарч бээрэхгүйн тулд юу олдсоноороо галаа түлнэ. Хотын утаан дээр тэд ийнхүү утаа л нэмэхээс биш утааг бууруулах талаар юу ч хийхгүй байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль санаачлагчийнхаа хувьд овоо чармайлт гарган агаарын бохирдлыг бууруулах багц хуулийн төсөл боловсруулан батлуулсан. Түүний хувьд үүнээс өөрөөр нөлөөлөх боломж харьцангуй хязгаарлагдмал. Юутай ч эрх зүйн орчинг урьдынхаас сайжруулж чадлаа. Одоо гүйцэтгэх засаглалынхнаас бүх юм шалтгаалах болж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар, хотын захиргаа ачааны хүндийг үүрнэ. Хотын агуурын бохирдлын бүсчлэлийг тогтоолоо. Түүхий нүүрс хэрэглэхийг зарим бүсэд хатуу хориглосон. Үүнтэй холбогдуулан утаагүй зуух, эрчим хүчинд хэмнэлттэй гэрийн бүрээс, жижиг оврын орон сууц зэрэг хэд хэдэн чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр болсон. Санхүүжилтийг нь Америкийн мянганы сорилтын сангаас шийдээд өгчихсөн. Нийтдээ 47 сая ам.доллар зарцуулагдахаар болсон. Гэвч дорвитой хэрэгжсэн зүйл алга. Түрк улсын технологоор утаагүй зуух оруулж ирсэн гэх боловч үүнийгээ 80 мянган айлд түгээхээс одоогоор дөнгөж 1000 гаруйг нь олгоод байна. Энэ талаар Zindaa.mn сайт урьд нь мэдээлсэн.
УИХ-ын гишүүд уг нь төр, засгийн бодлогыг тодорхойлж, гүйцэтгэлийг хянах үүрэгтэй. Үүнийг сануулах нь бараг илүүц юм. Аягүй бол бидэнд хичээл заах гэлээ хэмээн дургүйцэх байх. Гэвч гэр тарааж хорт утааг дэмжиж байгаа тул хэлэхээс яахав. Улаанбаатарын агаарын бохирдол олон улсын стандарт хэмжээнээс 8-15 дахин их болоод байгаа. Энэ өвөл үүнээс өснө үү гэхээс биш буурахгүй нь тодорхой боллоо. Энэхүү бохирдлыг нэг хүнд оногдох тамхины хортой жишиж үзвэл өдөрт 5 хайрцаг янжуур татсантай тэнцэх хэмжээнд хүрчээ. Ийм нөхцөлд хүний уушиг тэсэх үү. Ийнхүү хотын утаа гамшгийн хэмжээнээс аль хэдийнээ хэтэрчихээд байна. Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан нэгэн судалгаа бий. Энэ судалгаагаар хотын агаар дахь тоосонцор зөвшөөрөгдөх хэмжээнээс 18 дахин их болжээ. Нүүрс хүчлийн хий, хүхрийн давхар исэл, хүхэрт ус төрөгч, азотын дан болон давхар исэл, азон, хар тугалга мэт уушигны дайсны 90 гаруй хувь нь гэр хорооллын дутуу шатсан нүүрснээс гардаг гэдгийг тоогтоосон байна. Мөн хотын агаарын бохирдол ихтэй бүсэд амьдарч байгаа хүүхдүүдийн 73 хувь нь амьсгалын замын өвчинд нэрвэгдэж байгаа юм. Хүүхдийн бронкит өвчин агаарын бохирдолгүй хот суурин, хөдөөгийн хүүхдүүдийнхээс 5-15 дахин их болжээ.
Байдал ийм байсаар байтал УИХ-ын гишүүд гэр тараах нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 40, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн эсрэг чиглэсэн үйлдэл болж байна. Яагаад гэвэл баригдаж байгаа барилгаас нь илүү олон гэр түгээж байгаа юм чинь. Нэг айл арай ядан моргейжийн зээлээр байртай боллоо гэхэд араас нь 50 айл гэр авч ердийн зуухандаа түүхий нүүрс түлж байгаа нь яавч эрүүл үзэгдэл биш юм. Дараагийн сонгуульд нэр дэвших гэж ийнхүү шоудах нь инээдтэй атлаа нэн эмгэнэлтэй ажээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )