УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигтай ярилцлаа.
-Гишүүд тойрогтоо ажиллаад Төрийн ордон нам гүмхэн байна. Таныг ч гэсэн тойрогтоо ажиллаад ирсэн гэж дууллаа. Хөвсгөл аймагт зуншлага хэр байна, ард иргэдийн дунд тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
-Энэ жил олон аймаг байгуулагдсаны тэгш ой тохиож байна. Манай Хөвсгөл аймгийн хувьд ч гэсэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиолоо. Түүнчлэн аймгийн 12 сум мөн 80 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Тойрог руугаа 10 гаруй хоног яваад ирлээ.
Манай тойргийн хувьд зуншлага сайхан байна. Ойрын хэдэн жил болоогүй сайхан зун болж байна. Түүнийгээ дагаад ард түмний сэтгэл санаа ч их сайхан байна. Ерөөс монгол хүн гэдэг цаг агаар орчин нөхцөлтэйгээ уялдаж, зан араншин, сэтгэл санаа нь хувирч байдаг гэж би ойлгодог. Зуншлага сайхан болохоор хүн малын зоноо тэнэгэр сайхан байна даа.
-Түүхт ой тохиож байна гэлээ. Үүнтэй холбогдуулан асуухад өнөө жил аймгуудын түүхэн ойн арга хэмжээ өргөн дэлгэр болж, түүнийгээ дагаад бай, шагнал өндөр байна гэх шүүмжлэл нэлээд байгаа. Үүнийг сонгуулийн өмнөх наадам хэмээн тайлбарлах нь ч байна. Танай аймагт тийм зүйл анзаарагдав уу?
-Ер нь наадмууд том болдог болжээ. Бусад аймгийн хувьд ч гэсэн. Манай аймгийн хувьд өнгөрсөн жил Хотгойдын ван Чингүнжавын мэндэлсний ой болгож том наадам хийсэн. Өнөө жил харин аймаг байгуулагдсаны ойгоо хийлээ. Наадам өргөн дэлгэр болохын хэрээр урамшуулал, хандив ч нэмэгджээ.
Ер нь хаа ч гэсэн түүхэн ойгоо тэмдэглэ гэж төсвөөс хангалттай мөнгө өгөхгүй нь тодорхой. Тиймээс иргэд байгууллагын хандив, дэмжлэгээр л том наадам хийдэг. Бөх, морьны бай өнөө жил яах аргагүй нэмэгдсэн байна. Би улс төрийн алба хашихаас өмнө төрийн болон хувийн хэвшлийн олон компани удирдаж явлаа. Тухайн үед нутгийн зөвлөл, танил тал маань наадам тэмдэглье, дэмжлэг үзүүлээч гэнэ. Тэр үед нь гар татаж яваагүй. Харин улс төрд орсноосоо хойш хандив, мөнгөний дэмжлэг үзүүлэхээ больсон. Яагаад гэвэл улс төрч хүн, төрийн албан хаагчийн орлого зарлага маш тодорхой байх ёстой. Энэ талаараа иргэдэд мэдээлж байхыг ч хуулиар заачихсан байгаа. Их хэмжээний шагнал гаргаад өгчихлөө гэхэд үүнийг хаанаас олсон бэ гэдэг хардлага төрийн албан хаагчид ногддог учир энэ нь ёс зүй талаасаа зохимжгүй. Тиймээс би дэмжлэг үзүүлэхээ больсон. Үүнээс болж Ц.Сэдванчиг харамч, нарийн болсон гэх яриа ч байдаг юм билээ. Ер нь бол хувийн бизнесээ хийгээд нутаг орондоо зориулаад явах нь байдаг л нэг зүйл. Гэхдээ улс төрийн албан хаагч аль нэг наадамд очоод туслалцаа, дэмжлэг үзүүлж, морь бөх байлаад, бүр өөрсдийнхөө нэрийг наадмын талбай дээр байрлуулж байгаа нь анзаарагдсан. Энд нэр усыг нь хэлээд яахав. Ер нь энэ байдлыг цаашид болих ёстой.
-Хаврын чуулган завсарлахаас өмнө Сонгуулийн тухай хуулиа баталчих гэсэн боловч харилцан тохиролцож чадсангүй. Энэ нь хоёр намын хувиа хичээсэн бодлоос үүдэлтэй гэх юм. Та юу гэж бодож байна вэ?
-Ер нь Сонгуулийн хуулийг баталж чадаагүй хаврын чуулган завсарлуулсан нь хариуцлагын асуудалтай л холбоотой. Улс төрч хүн, төрийн албан хаагч хүнд хүлээлгэх ажлын хариуцлага, хариуцлагын механизм гэдэг зүйл манайд огт байхгүй болчихож. 2008 оны долдугаар сарын 1-ны дараа л хоёр намын бүлэг ярилцаад, дундаасаа ажлын хэсэг гаргасан. Тухайн үед энэ хэрэг явдал нь сонгууль, Сонгуулийн тухай хуультай боллоо гэж дүгнээд хуулиа л боловсронгуй болгоё гэж тохиролцсон. Түүнээс хойш тоймтой санал, санаачилга гарахгүй байсаар байгаад гурван жил болж, хамгийн сүүлийн чуулганы өмнө авчирчихлаа. Гэтэл одоо хоёр, гурван тоон дээр тохирч чадахгүй, УИХ-ын үйл ажиллагааг 10 гаруй хоног тасалдуулж, ард түмнээр шийдүүлнэ ч гэх шиг ярьж байгааг эрх барьж байгаа намуудын дарга нар, албан тушаалтан, улс төрч нарын ажлын хариуцлага үр дүнтэй нь холбон ярихаас өөр аргагүй юм.
Одоо Намрын чуулган эхлэнгүүт Сонгуулийн тухай хуулиа баталчих бүрэн боломж бий. Хангалттай хугацаа байгаа. Батлаасай л гэж бодож байна. Сая тойргоор явж байхад ч гэсэн иргэдээс энэ хуулийг баталхыг шаардсан олон зүйлийг ярьж байна.
-Хэрэв чадахгүй бол яах вэ?
-Миний хувь гишүүний бодлоор бол бүр баталж чадахгүй бол 2008 оныхоо Сонгуулийн хуулиар л явна биз. Өөр гарц байхгүй.
-Хаврын чуулган завсарлахаас өмнө хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй. Одо намрын чуулган эхлэнгүүт хэлэлцэнэ гэж байгаа. Гэтэл хоёр талын барьж буй байр суурьт өөрчлөлт гарсан юм болов уу?
-Тодорхой сонссон зүйл байхгүй байна. Ямар ч байсан ажлын хэсэг ажиллаж байгаа болов уу гэж бодож байна. Гэхдээ Ардын намын зүгээс намын Удирдах зөвлөл дээрээ 24:52 гэдэг хувилбарыг сонгож, шийдвэр гаргаад бүлгийн гишүүддээ нэг бүрчлэн үүрэг өгсөн байна лээ. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл энэ шийдвэрээ эргэн харж, асуудалд уян хатан хандах ёстой юм шиг байгаа юм. Гэхдээ МАН-ын бүлэг дотор пропорциональ элементийг түлхүү оруулъя, энэ нь улс орны эрх ашиг, сонгогчийн санал гээгдэхгүй зэрэг олон давуу талтай гэж үзэх хүн олон бий. Эдгээрээс гадна мөнгөөр сонгууль хийдэг, мөнгөтэй хүн болгон УИХ-ын гишүүн болдог гэсэн нийгмийн төөрөгдлөөс зайлхийж болно гэсэн ойлголттой хүн ч олон байгаа болов уу гэж найдаж байна. Бүлгийн дарга Д.Лүндээжанцангийн өргөн барьсан төслөөр бол улсыг бүхэлд нь нэг тойрог болгож, 100 хувь пропорциональ болгоё гэсэн байгаа. Үүнийг нь бусад нь дэмжихгүй болохоор бүлгийн даргаасаа сайн дураараа татгалзсан. МАН-ын Удирдах зөвлөл л бүгдийг хийж байна. Удирдах зөвлөл гэдэг бол ер нь... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )