Хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх, зах зээлд борлуулах, бэлтгэн тээвэрлэхийг наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаатайгаар хориглох тухай Засгийн газрын тогтоол гарсан билээ.
2000 онтой харьцуулахад хуш модоор бүрхэгдсэн талбай 184.7 га-гаар, нөөц 23.7 сая шоо метрээр багасгаад буй аж. Байгаль хүмүүн биднээс юугаа ч харамладаггүй.
Гишгэх газар, уух ус, бүр амьсгалах агаараа хүртэл хоёр гардан баринам. Тэр дундаа нар хур хосолсон энэ жилийн энэ л илүү сартай зун жимс жимсгэнэ ямар их дэлгэрч, самар хичнээн их ургаа вэ.
Байгалийн энэхүү баялаг бол хүмүүн бидний авдарт буй бүгдийнх нь хувь хишиг мөн. Түүнийг гаднаас морь унаж мод тохсон хэн нэг нь ухаад төнхөөд, түүгээд авчихгүй. Бид л өөрсдөө эзэд нь. Миний нэг танил хөдөөнөөс саяхан ирлээ.
Тэрээр “Сэтгүүлчээ цаагуур чинь улаан дээрэм. Өнөөх самар жимсийг чинь нялхаараа байхад, бие биетэйгээ атаацаж өрсөлдөөд дуусгаад хаячихлаа” хэмээн харамсан дуу алдав. Бас л түгшүүр зарласан саяхны орой энүүхэн Булган суманд өгсөнгөө ганц нэг иргэдтэй уулзаатахсан чинь “Хачин өглөгч хүмүүс байдаг юм байна аа.
Яг л сонгууль болох гэж буй аятай бэлэн мөнгө айл айлд тараагаад явна” гэх өнгөтэй яриа цухалзуулав. Учрыг нь лавлавал нэг кг цайруулсан самрыг мянган төгрөгөөр үнэлээд урьдчилгаа болгон гурван мянган төгрөг бэлнээр өгч нэг ёсны гэрээ байгуулж буй ухаантай аж.
Мэдээж үүний ард талд…хужаа нар л байгаа. Юу ч болоогүй байхад хий мөнгөтэй болчихсон манай / гэнэн/ хөдөөнийхөн ачтаны хариуг барихаар бие биентэйгээ өрсөлдөн уул уулын тагт эзэгнэж, хар нялхаараа байгаа боргоцой руугаа дайрч, гацуур модоо ихээр гэмтээж буй.
Өдийд нэгэнт болц нь гүйцэж цайраагүй самар яаж ч мундаад оочихгүй учир залуус сармагчин адил модноос модонд дүүлж амь насаа эрсдүүлэхэд ч бэлэн байна гэнэ. Энэ бүхний бэлээхэн нэг баталгаа нь зах дээр шал түүхий давирхай амтагдаж улбар шар туяа цацраан шүүс гоожсон самар, булцуу нь идээшээгүй, бараг төрмөл өнгөө олоогүй жимс жимсгэнэ хаа сайгүй, эрээ цээргүй, байгалийг ингэж сүйтгэж байгаагаараа бусдад гайхуулах мэт зарж борлуулж явах.
Энэ үед өнөөх л байгаль хамгаалахын төрийн өмнөөс томилогдсон эрхтэн дархтанууд нь ч хаана явдаг юм бэ. Юугаа манаж, юугаа хамгаалдаг юм бэ бүү мэд. Эрх ч биш хотондоо настан буурлуудтай, дэргэдээ эмээ өвөөтэй хэсэг нь арай хямгатай “Хүүхдүүдээ самар түүх цаг нь арай болоогүй, наанадаж есөн сар, есөн сарын аравд хүрч байж түү!” гэж хазаарлаж байна гэнэ.
Нээрээн ч биднийг хүүхэд ахуй цагт уулаадаа гурван удаа цас орсны дараа самар болдог” гэх яриа байсан нь дээрх хугацаатай яг таарч буй. Ухаант өвгөдийн минь байгалиа хайрлаж ирсний захын жишээ энэ.
Дорнын санууштай ийм нэг үг байдаг. “Бид эргэн тойрныхоо байгалийг сөнөөж чаддаг шигээ эргэн бүтээж хэрхэвч чадахгүй” гэх үг. Энэ уусгавартай санааг иргэн бүхэн бодох учиртай. Хэрвээ бид байгаль эхээ өнөөдөр хайрлахгүй юм бол өөр хэн, хэзээ хайрлахын бэ?! Байгаль хамгаалах асуудлыг өчигдөр гэмшил, өнөөдөр алмайрла, маргааш түгшүүр болгох аваас байгаль биднээсээ улмаа холдож, танаас ч бус, таны үр ач, хойч үеэс минь самар, жимсээ харамлах боллоо.
Энэ санааг л та тунгаан бодогтун! Хужаа нар дам дамаа хүний гараар могой бариулан урьдчилан хэдэн төгрөг өгөө л биз, тэр яадгийм бэ. Ядах нь ээ самар жимснийхээ болцыг нь гүйцсэнээс хойш түүе л дээ. Байгаль эхийн эзэн нь та бид шүү дээ. Өөрийнхөө юманд өөрсдөө хүнийрхэх нь гэнэн хэрэг.
Хэрвээ ган гачаал болоод энэ жилийнх шиг ингэтэл самар жимс дэлгэрээгүйсэн бол юугаа түүх байсан юм бэ?! Тэр үед мөнөөх хятадууд ган гачаалд нэрвэгдлээ гээд бас л ийнхүү мөнгө хаях байсан уу. Ёстой “Гомбын гозгор” байгаа даа. Болчимгүй гэнэн зарим “Хүн араатнаас” байгаль эхээ өмгөөлөхөд иргэн бүхэн ухамсарт үйл ажиллагаагаа чанд хатуухан дуулъя.
“Хоточ нохой дуусаад, хот эзгүйрэх тэр цагт үнэг чоно манаанд гарна” гэгчээр байгаль хүмүүн бидний энэ мэтчилэн олон зүйл дээрх зүсэн бүрийн харгис аяглалаас болоод танаас, надаас, биднээс өшөөгөө авахаар жилээс жилд зайгаа авч буйг эрхбиш ухаант хүн та болгооно уу. Тэгээд ч хэлээд хэлээд хүний үг авдаггүй “хүн араатнаас” байгаль эхээ өмгөөлөн хамгаалахад цохилох зүрх, лугших судас нэгтэй байж иргэн бүхэн ухамсарт үйл ажиллагаагаа чанд хатуу хандуулъя.
Сэтгэгдэл ( 0 )