Өгүүллэг: Нүгэл нүдээрээ гардаг /Ж.Амарсайхан/

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 30

Тээр жил Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Хүрэн хадны рашаан дээр амарч байхдаа Амралтын ойролцоо Улиастайн аманд байдаг Чимэд өвгөнтэй танилцаж ганц шил юм хувааж уун нутаг усны сонин хачин зүйлээс сонирхон асууж байтал:

-Энэ урд уулыг хардаа 1930 аад оны борооны жил дундуураа хагараад доошоо ойчсон юм. Тэр бэлээр байгаа нарийн суваг чинь 1956 оны газар хөдлөлтөөр хагарсан том ан цав одоо эдгэрээд байгаа нь тэр. Хүн ч нүглээ дүүрсэн амьтандаа гээд нэг юм ярих гээд байгаа бололтой. Өвгөнд жаахан ахиухан аяглаад байсан нь  нилээд халж орхиод дарга та нар тун өөдгүй хүн муутай улсдаа. Миний ...Миний хайртай... буудуулчихсан.-.хоолой нь сааралтаад ээрээд байхлаар нь би сандарч ямар нэгэн л эндүүрлээр хүүхэд шуухдыг нь буудчихсан тохиолдол гарч дээ хэмээн бодон хүлээж  суутал өвгөн жаахан тайвширч муу мод толгойгоо асааж аваад галзуу улаанаасаа ганц хоёр сэвшсэнээ "Тээр жилийн зуднаар нэг янгирын ишиг энэ хайрханаас олж авчран угжиж байгаад томоо болгосон  юмсан. Хоохондоо гэж дуудахлаар давхиад ирнэ. Багадаа гараас ёотон  идэж байгаад сурчихсан амьтан байлаа. Бид ч учиргүй хайртай байв. Гэтэл нэг намар янгирын сүрэгтэй нийлээд Богд  хайрханы оройгоор л дүүлж яваа харагдана. Гэхдээ бусад сүрэг нь  цойлоод давхиад явчихад манай Хоохондой бидний зүг майлсаар  ирж ёотонгоо гараас идчихээд явна. Хэлий нь мэддэгсэн бол юм яриад л байх шиг санагддагсан. Уржнан жил аймгийн хэдэн том дарга нар тав зургаан машинтай давхиад ирлээ. Миний таньдгаас  нэг сөөнгө дуутай бүдүүн хар нөхөр за байз Тогтуул ч билүү дээ. Хөдөөгүүр л их явдаг хүнсэн. Аймгийн дарга нэг уушиг цээж  муутай гэдэг бүдүүн буурал эр, том нүдтэй тарган хар  эхнэртэйгээ, аймгийн намын хорооны дарга нэг ямааны нэртэй намхан хүн эхнэртэйгээ бас бус олон мяндагтангууд давхиж ирээд энэ хайрханаас янгир алж цусыг нь халуунаар нь ууж эхнэр хүүхдийнхээ ядаргааг тайлна гэцгээлээ. Уулын бэлд майхнаа барьж архи айраг элбэг дэлбэг байна. Би хэдэн аяга айраг залиглаад янгиртай газар зааж өгөхөөр дээш авирцгаалаа.  Нөгөө паргиа хард янгирын сүрэг биднээс үргээд зугтаахад нэг харлаг тэх ёотон горьдоод ганцаараа үлдэж магадгүй шүү түүнийг минь битгий буудчихаарай гэж захиж, захиж үлдлээ. Тэд залуу улс болохоор миний заасан замаар түрүүлээд явцгаалаа. Нилээд удлаа. Хэд хэдэн ч удаа буу дуугарав. Орой юу болсон гэж санана. Миний муу Хоохондойг урд хоёр хөлийг нь хуга буудаад цөмөөрөө амьдаар нь чирч  гулдарсаар ирдэг байгаа. Намайг хараад майлаад өндийж байсан даа. Аврал эрсэн түүний нойтон нүд ...Ээ бүү үзэгд! Одоо ч  харагдаад байдаг юм. Тэд ер хүний урманд амьтныг тарчлааж байна гэж тоосон шинж алга. Нөгөө сөөнгө хар чинь пар, пар инээгээд л гүрээний судсанд нь том зүү шаагаад дарга цэрэггүй хөгжилдөн цусыг нь ууцгааж бүгд л улаан амтай ангалзсан амьтад харах юм биш. Би Хоохондойгоо өрөвдсөндөө уйллаа.

-Нөгөө аймгийн бүдүүн буурал дарга :

-Өвгөн чи юунд уйлаад байгаа юм. Үүнийг тогтоочих дорхноо тайвширна гээд хундагатай архи барин ирлээ. Би толгой сэгсэрч архийг уусангүй. Нөгөө дарга дургүй нь хүрсэн бололтой

- Монгол улсыг арван найм хуваагаад нэгийг нь надад эзэгнүүлсэн юм. Эзэн нь ганц муу янгир унагасаны төлөө та гашуудаад хэрэггүй. Та одоо харь, харь. Элдэв юм яриад байх хэрэггүй. Намайг матна гэвэл Богд уулыг бойтогтой хөлөөр өшиглөсөнтэй адил гэж мэдээрэй гэлээ. Намайг гэрээдээ гэлдрэхээр муу хашин хээр дээрээ мордоход Хоохондой минь миний хойноос тэмүүлэн өндийн майлсаар ...Нөгөө өрөвдөм зөөлөн аврал эрсэн харц нь... Би эд жаахан цусыг нь уугаад болих юм биш байгаа. Тэгвэл би гэрээдээ аваачаад Хоохондойгоо хөлд нь чиг барьж боогоод алтан гагнуур өгье гэж бодоод аймгийн даргад наад шархтай тэхээ надад өгчих би эдгэрүүлье гэтэл гал дээр дарь цацах шиг болж цөм л ам амандаа:

-Аймгийн дарга хүртэл аргадаад байхад ...Энэ ер нь нойтон хамуу шиг салдаггүй нөхөр вэ? Бушуухан ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад яв. Бас зальтай нөхөр байх нь түрүүнээс хойш л уйлж хайлж жүжиглээд байсан юм. Ингэж ангийн хишиг хүртэж амташсан амьтан байхнээ гэцгээж байгаа дуулдав. Нөгөө сөөнгө хар ханцуйгаа шамлан үстэй том хар шуугаа дагуулан цус савируулсан хутгатай гараа доош дүрлээ. Хоохондоо минь өндөлзөн майлахад годронгийн төрөл гэсэндээ удам алдахгүй муухай янгууч байгааг хардаа гээд пар,пар инээнгээ нэгдүгээр даргаа цусаа халуун дээр нь уугаарай. За нөгөөдөх чинь ёстой нэг хөвчирч гарна даа ха, ха, ха гэсэн дуу Хүрэн хадны рашааны хад асганд цуурайтаж байж билээ. Тэнгэр нь газраа ниргэдэг гэдэг үнэн юм билээ. Тэр аймшигтай улай нүдэнд үзэгдээд болдоггүй. Би намын Төв Хорооны намын хянан шалгах хороонд нэг захиа явууллаа. Сар орчмын дараа Аймгийн гүйцтгэх захиргааны орлогч Даваа дарга ирээд намайг сайшааж, намын хянан шалгах хорооноос манай дарга нарт том арга хэмжээ авсан. Цаашид энэ мэт зөрчил гаргагсадыг сайн мэдээлж байгаарай гэж билээ. Гэхдээ манай сумын дарга нар дээд дарга нарынхаа дохилтоор намайг элдвээр хавчаад нэг насны л матаач өөдгүй хоч зүүж, би Хүрэн хадныхаа хөндийгөөс хөөгдөж нутаг заагдан амьдардаг болсондоо. Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил өнхөрдөг гэж үнэн шүү. Тэхдээ нүгэл нүдээр нь гардаг гэдэг ч бас үнэн юм билээ. Аймгийн захиргааны дарга бараг тэр жилдээ хот руу эмчилгээнд яваад дашийн шог болсон дуулдсан. Ер нь хэдэн машинд явсан хүмүүсээс амьд ганц ч дарга алга шивдээ. Намын хорооны нэг дүгээр дарга, нөгөө сөөнгө хар, нэг сангийн аж ахуйн дарга, аа тийм намын хорооны нэг залуухан нарийн бичгийн дарга манай Энэ Хайрхан дулааны хүн нэр нь ...За байз өөд болсон хүний нэр Ингээд орж ирдэггүй юмаа.. Бүгд байхгүй. Нүгэл хийснээрээ бол тэд лав бурхны оронд төрөөгүй л байх. Ум мани бадми хум... хэмээн өгүүлж билээ. Энэхүү бүдүүн хадуун боольхой өвгөн эх оронч халуун цустай эр байна даа. Бодсон бодол, дуулсан дуу, уйлсан нулимс, баярласан сэтгэл бүрд эх орон минь оршиж байдаг. Гишгэж явахад хэн ч алхааг минь саатуулж зүрхэлдэггүй болохоор би эх орондоо хайртай, талын монголын саальчин бүсгүй, шаргал талаар түүчээлсэн их нүүдлийн цуваа, овоот уулсаа дэрлэн нойрсдог буурал өвгөд, хөх толбот бяцхан үрс, хүлгийн төвөргөөн тачигнаж, үрээ мориныхоо хөлсийг өглөөний шүүдэртэй ихэрлүүлэн дарцаглах морьтон арддаа би хайртай хэмээн миний найз аж үйлдвэрийн гавъяат ажилтан, яруу найрагч Сумъяа нэгэн номын оршилд бичсэнийг санах бүр "Эх орон" хичнээн үнэтэйг ухаардаг юмдаа. Эрх мэдэлдээ ташуурсан тэр дарга нарын золиос болсон янгирын тэх ч эх орны минъ нэг хэлтэрхий. Буруу гарт өртөх чулууны хэлтэрхий бүр эх орон минь хэмээн хүн бүхэн Чимэд өвгөн шиг санаж, сэтгэж яваасай.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
haliun(202.179.10.150) 2013 оны 11 сарын 20

yag zov

0  |  0
haliun(202.179.10.150) 2013 оны 11 сарын 20

goy oguulleguud bn

0  |  0
Top