Саяхны нэг орой мэдээ үзэх гэж хүүхдүүдтэй суваг булаацалдаж байж арай хийн залгатал ерөнхийлөгчийн зарлигаар олон хүн төрийн дээд одон медаль авч байна. Манайд зочилж байсан нэг ангийн Чогжмоо маань, шагнал ч мөн урсдаг болоо шив дээ. Энэ ерөнхийлөгчийн ар өвөрт доль хамж байсан бүгд л ардын баатар, гавьяат, ардын цолтой боллоо. Бидний үед гавьяат өгчихөөр эдний дэргэд жинхэнэ гавьяатууд олон байж дээ гэснээ:
-Хүүе ээ, энэ чинь нөгөө Буурлын ягаан шив дээ. Мөн байна, мөн байна, чи хараач ээ. Энэ Лхамсүрэн гуравдугаар эмнэлэгт л насыг авч байгаа шүү дээ. Би хааяа уулздаг юм. Яагаав чиний ягаан. Аргагүй л төрийн дээд шагнал авах ёстой хүний нэг чинь энэ хүн. Шагнал энэ удаа нүдээ олжээ. Манайд элэг сольж байгаа гол эмч байхгүй юу. Буурлын ягаан гэсэн нь миний зүрх рүү лүг хийтэл цохиод авах шиг болж билээ.
Тээр жил манайхыг эмнэлгийн хашаанд байхад захиргааны өндөр дэнжийн ёроолд хоёр жижигхэн бор гэр байдаг сан. Түүний нэг нь хаанаас ч ирсэн юм буурал чавганц гэж хүү, охин хоёртойгоо амьдардаг нэг ядуу чавганц байлаа. Тэр үед амьдрал хүнд байсан болохоор зайлуул олноо бараадаж гадны сумаас ирсэн ч байж болно л доо. Гэхдээ гадны сумаас ирсэн хүмүүс дор бүрдээ л нэг нэр хочтой болсон байдаг. Жишээ нь, нэг мангардуу хүүтэй өндөр чавганц охинтойгоо гурвуулаа манай суманд ирснийг Цээ гүний гурав л гэнэ. Чухам нэр нь хэн гэгч байсныг бурхан л мэдэх байх. Өөр хоорондоо Цээ гүний гурвын мангар ч гэх юмуу нэг л олиггүй дагавар заавал зүүлттэй байдаг сан. Харин буурал чавганцыг тэдний, эдний гэж нутгархсан хоч зүүгээгүйг бодоход манай нутгийнх ч байсан байж болзошгүй. Ээж минь эмнэлгээс талх, хоолны илүүдэл надаар заримдаа өгч явуулна. Охин нь гэж зуувиндуу туранхай нүүрэндээ хэт өндөрдсөн шовх шулуун хамартай зэгзгэр ягаан охин байх. Заримдаа цэнхэр ч юм шиг нүд нь эргэлдэн урт сормуус нь дэрвийгээд ирэхээрээ том орос ягаан хүүхэлдэй шиг санагддаг сан. Хэн мэдэх вэ нөгөө төмөр утасны оросуудын ч бүтээл байсан юмуу. Жаахан байсан болохоор би Буурлын ягаантай их тоглоно. Намар нь сургуульд орлоо. Буурлын ягаан ч манай ангид сурдаг боллоо. Ягаан тоондоо сайн. Би түүнээс тоо хуулдаг байв. Дөрөвдүгээр ангид ордгийн жил дандаа л хамт явдаг бид хоёрыг манай ангийнхан холбож дооглодог боллоо. Миний ичих ч гэж жигтэйхэн. Нэр холбогддог болсноос хойш урд нь ер ажигладаггүй байсан Ягааны нөхөөстэй ногоон дээл, ахынх нь өмсөж байсан хуучин гутал болов уу, энд тэнд нь хар булигаараар нөхөөс тавьсан том банхар эсгий гутал зэргийг нь харахлаар надад бүр ч ичгүүртэй харагдаж сүүлдээ би Ягаанаас зугтаадаг боллоо. Ягаан ер тоохгүй. Хэзээний л миний дэргэд ирчихсэн найз аа, тоогоо хийсэн үү? Даалгаварт өгсөн шүлэг цээжилсэн үү гэх жишээтэй. Сургуулиас тараад би Ягаантай хамт явдаг замаасаа гажиж бүр мал эмнэлгийн хашааны цаагуур тойрч нуугдаж гүйдэг боллоо. Сургууль руу явах болоход Ягаан замд дайраад манай хашааны хаалган дээр хүлээгээд зогсч байна. Би дүү нараар “Ах сургуульдаа аль хэдийний явчихсан” гэж худлаа хэлж байж явуулна. Ягаанаар шаардуулж байж даалгавраа хийдэг, тоогоо бодуулдаг байсан би гэдэг хүн хичээлдээ эрс суларч, заримдаа тоон дээрээ бүдэрдэг боллоо. Ягаан дөрөвдүгээр ангиа онц төгсч сургуулийн захиргаанаас алтан үсэгтэй үнэмлэхээр шагнуулав. Яагаад ч юм буурлын Ягаанд миний атаа жөтөө хөдөлж замдаа нөгөө үнэмлэхийг нь үзье гэж аваад цуу татаад хаячихаж билээ. Ягааны голдоо ортол гомдсон том нүдэнд нулимс цийлэгнэн “яаж байгаа юм бэ” гээд салхинд хийсэн одсон өөдөснүүдийн хойноос тоодгонон гүйж явахдаа нөхөөстэй ногоон даалимбан дээлний нь хормой тонгойход нь сөхөгдөж түүний уранхай өмдний цоорхойгоор хонго нь харагдаж байж билээ. Би:
-Хөх зүү хөндлөн хатгаж үзээгүй юу... Еэ еэ, бөө вөө, еэ еэ, бөө вөө, хошногоо гялалзуулдаг, хошногоо гялалзуулдаг ичиг бөө вөө, ичиг бөө вөө гэж арван хуруугаа арвагануулан дооглоод хэнэг ч үгүй гүйгээд явчихаж билээ. Тэр зун Буурал чавганцынх нүүгээд явчихсан байлаа. Ээж, Жамбалжав гуай хоёр нэг удаа будаатай цайгаа хийж, энэ тэндхийн юм хамж шимэн ярьж байхдаа:
Буурал чавганцын ганц хүү Дашзэвэг нь төмөр замд ажилчин элсүүлэхэд нэрээ бичүүлээд хот руу нүүгээд явчихсан гэнээ хэмээн хуучилж байснаас хойш буурлын Ягааныг хэн ч үгүйлсэнгүй. Би ч Ягаантай холбуулж ичдэгээ больсон боловч одоо бодоход Ягаан найздаа адаар ааш гаргалгүй хичээлээ хамт давтаж байсан бол би муу сурч анги улирахгүй байсан даа хэмээн бодож байтал Чогжмоо маань аль хэдийний Ягааны утсанд залган баяр хүргэхийн хамт миний нэрийг хэлж байгаа бололтой.
-Тийм ээ, тийм, нөгөө чамтай... ха, ха. За, за тэгэлгүй яахав, маргааш гээд утсаа тасаллаа. Тэгснээ Ягаан чи биднийг урьж байна. Маргааш гэрт нь очно. Чамайг их сурдаг байсан гэнэ гэлээ. Миний жудаггүй загнасан аль эртний тэр явдал нүдэнд дахин харагдахад хүний мөсгүй зан гаргасандаа учиргүй ичиж би ч болих уу даа гэлээ. Гэсэн ч маргаашийг тэсч ядан хүлээж билээ.
Сэтгэгдэл ( 0 )