Ардчилсан намаас сонгогдсон Өмнөговь аймгийн удирдлагууд “Нутгийн хишиг” хэмээн аймгийнхаа иргэн бүрт 50.000 төгрөг тараасан нь МАХН-ын боссуудын эгдүүг хүргэж, орон нутгийн 51%-ийн өмчлөлтэй “Таван толгой” хувьцаат компани руу дайлаар мордсон түүхтэй. Тус компанид орсон шалгалтыг тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Долгор, ҮТЕГ-ын дарга Оюунбаатар нар шууд удирдсан гэдэг. Татварын улсын байцаагч Х.Алтангэрэл, О.Бямбасүрэн, Н.Чинбат нарын этгээдүүдийн гүйцэтгэсэн “ажиллагаагаар” 80 тэрбумын торгууль ноогдуулсан. Харин “Таван толгой” ХК-иас эдгээр нэр бүхий улсын байцаагчдын 2009 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 0300908 тоот актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Татварын байцаагчид “Таван толгой” компанийн 2004-2008 оны татвар ноогдуулалт, төлөлтийн байдлыг шалган дээрх актаар 181 тэрбум 84 сая 331 мянган төгрөгийн зөрчилд нөхөн татвар, торгууль, хүү нийт 80 тэрбум 452 сая, 591 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ. Учир нь “Таван толгой” компани нь БНХАУ-ын тодорхой компаниудтай гэрээ хийн коксжих нүүрс борлуулахдаа нэг тонныг нь 34,6 ам.доллараар борлуулахаас дөрөв дахин бага үнээр буюу 8,6 ам.доллараар борлуулж байсан гэж үзсэн байна. Дээрх хэргийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2010 оны аравдугаар сарын 01-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд уг актаар тогтоосон нийт 181 тэрбум гаруй төгрөгийн зөрчилд нийт 20 тэрбум 207 сая төгрөгийн нөхөн татвар, торгууль, хүү ноогдуулахаар төлбөрийг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Харин давж заалдах шатны шүүх хуралдаанаар уг хэргийг өнгөрсөн оны 12-р сарын 15-ны өдөр хэлэлцээд төлбөрийн хэмжээг 49 сая төгрөгөөр багасгаж 20 тэрбум 157 сая 793 мянган төгрөгийг төлүүлэхээр боллоо. Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шүүх энэ хэргийг 2011 оны 03-р сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр болжээ. Хэрэг явдлыг ажиглахад хоёр зүйл анзаарагдаж байна. Нэгд, “Тавантолгой” ХК нь нэг тонн нүүрсээ 8.6 доллараар буюу дэлхийн зах зээл дэх үнээс 20 дахин бага үнээр зарж байсан явдал нь гайхал төрүүлж байна. Хоёрт, нутгийнхаа төсвийг дангаараа шахуу бүрдүүлдэг, говьчуудын орлогын ганц найдвартай эх үүсвэрийг өөрсдийн эрхэлж буй албан тушаалаар далайлган дайрч, нутгийн хишиг хэмээх тэр жаахан мөнгөнд эгдүүцсэн түшээдийн үйлдэл нь говьчууд ер нь эв нэгдэлгүй, намчирхаж талцсан байдал газар авсныг илтгэж байна.
Р.Зоригт.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )