Ядуу монголчууд мөнгөтэй болсноо гайхуулж, сая доллар цацав

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 17


Байгалийн гамшигт нэрвэгдсэн Япон улсад дэлхийн бусад орон чадах чинээгээрээ тусалж дэмжсээр байна. Монгол улс ч тусламжийн гараа сунгаж, нэг сая ам.доллар болон бусад зүйлсээр дэмжихээ мэдэгдэв. Түүгээр ч барахгүй муу эр дайнд хөөрөхийн үлгэрээр Монгол Улсынхаа нэг аймгийг өгчихье, эх орны хувь, хишиг болох 21 мянган төгрөгөө хандивлая, шаардлага гарвал хэдэн зуун аврагч, дайчнаа илгээе гээд л ард иргэд болон шийдвэр гаргагчдаас янз бүрийн л мессеж илгээгдэж байна. Өөрөөр хэлбэл, зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг ч “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг үгийг монголчууд бид ор тас мартжээ. Зах зээлийн нийгэмд шилжиж, дэлгүүрийн лангуу бор давснаас өөр бараагүй байх үед бидэнд тусламжийн гараа сунгасан ард түмэн бол яахын аргагүй япончууд. Тийм ч учраас аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэгчээр асуудалд хандах нь зүйн хэрэг боловч олсон жаахан хэдийгээ баруун, солгойгүй цацах ч яавч сайны ёр биш. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг Хятад улс гэхэд л энэ удаа нэг сая юань өгч байхад манайхан нэг сая ам.доллар хандивласан нь эртний өр төлөөс үү, эсвэл өр зөөлөн сэтгэл үү гэдгийг ялгахад тун бэрх. Их гүрний хүмүүнлэгийн бодлого хүртэл цаанаа өөр байх юм. Лав л бидэн шиг байдгаа барьж гүйгээд, баруун солгойгүй цацсангүй. Бас дэлхийд баян тансгаараа гайхагддаг АНУ л гэхэд хөрөнгө мөнгө гэхээсээ илүү хүмүүнлэгийн тусламж, тоног төхөөрөмж хандивлажээ. Харин НҮБ хүмүүнлэгийн тусламж, Өмнөд Солонгос 40 аврах ажилтан бүхий баг, ОХУ 3,4 сая тонн нүүрс нийлүүлэх гэж байгаа бол Их Британи улс эмнэлгийн тусламж, мөрдөгч нохдоор дэмжиж байна. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг шиг Афганистан улс л гэхэд 50 мянган ам.доллар хандивлажээ. Гэтэл Англи, Францын хаана нь ч хүрэхгүй хэрнээ Монгол улс шинэ баян цээж өвчтэй гэдгийн үлгэрийг харуулж, эхний ам ангайлтаар сая доллар цацаж орхив. Ингээд бодохоор монголчууд нэг үеэ бодвол мөнгөтэй болжээ. Ямартаа л Засгийн газар нь яаралтай хуралдаж, Япон улсад нэг сая ам.долларын буцалтгүй тусламж, 2500 ширхэг дулаан хөнжил зэргийг илгээхээр болсон нь гадныхныг байтугай монголчуудыг “шок”-нд оруулаад амжлаа. Үүссэн гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Японы ард түмэнд тусламж үзүүлэх уриалга төрийн болон төрийн бус байгууллагуудаас өдгөө улам өргөнөөр уухайлагдсаар байна. Телевизүүдийн шууд утаснууд болон цахим мэдээллийн хэрэгслүүдээр газар нутгаасаа зээлдүүлэх эсэх талаар халуухан маргаан дэгдээж, ёстой л нөгөө “Японд найтаахад Монгол ханиад хүрнэ” гэдэг онигоог эрхгүй санагдуулах болжээ. Япон улс байдлыг намжааж, хэвийн байдалд оруулахын төлөө ажиллаж байгаа бол Монгол улс  байдлыг улам дэвэргэн, япончуудын төлөө сэтгэлээ чилээж, нойроо хасч сууна. Үүнээс үзвэл монголчууд аливаа асуудалд хэт хөөргөн, дэндүү сэтгэлээрээ ханддаг нь тодорхой аж. Уг нь төр засгийн шийдвэр гаргагчид сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандахын оронд аливаад буурь суурьтай байж, долоо хэмжиж нэг огтлохын жишгээр ажиллавал дээрсэн. Харамсалтай нь өнөөдрийн сайд, дарга нар маниасаа илүү бодож, сэтгэдэггүйгээр барахгүй сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж, биднээсээ ч дор шийдвэр гаргадаг нь нэгэнт тодорхой байна. Хоол хүнс, ус, дулаан хөнжил, даавуу хэрэгтэй байна гэж цаад газар нь хэлээд байхад сая доллар өгье гэсэн шийдвэрийг Засгийн газарын хуралдаанаар шийдвэрлэжээ. Мөнгө байлаа гээд дулаацаж, цадаж, цангаа тайлагдах биш. Идэхгүй, уухгүй, нөмрөхгүй нь тодорхой шүү дээ. Ер нь тэгээд шаардлага гарвал тоймгүй их хөрөнгө цаад япончуудад чинь байж л байгаа. Цаг дээрээ тулбал бидний хуруу хумсаа хуйхлан байж олж явуулсан сая доллар тэдэнд далайд дусал нэмэр болохтой л адил болно. Шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг хэдэн төгрөгийн бараа харсан манай шийдвэр гаргагчид сав л хийвэл хамаг мөнгөө ийш тийш нь цацаж онгирохоо болимоор юм  даа.
“Өглөөний сонин”-оос Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top