Н.Энхбаяр, С.Баяр нараас мэдүүлэг авна гэдгээ Ерөнхий прокурор мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 16


“7-р сарын 1”-ний  гэсэн тодотголтой хэрэг  ард түмний зүрхэнд шар ус хуруулж, улс төр болон сонгуулийн хурцадмал байдал  гэж юу байдгийг мэдрүүлсэн.  Уг хэрэгт 5 хүний амь нас хохирч  жирийн иргэд шударга сонгуулийн төлөө жагссаныхаа улмаас  эрх чөлөөгөөрөө хохироод өнгөрсөн билээ. Энэ хэргийн талаар тухайн үед онц байдал зарласан ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ноцтой мэдэгдэл хийсэн. Тэр мэдэгдэлдээ С.Баяр намайг шахаж онц байдал зарлуулсан гэж шууд онцолсон билээ. Түүний хэлсэн үгтэй холбоотойгоор С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар, мэдүүлэг авна гэдгээ ерөнхий прокурор Д.Дорлигжав “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
    -... Долдугаар сарын 1-ний гэх хэргийг хохирогчдын гомдлоор сэргээн шалгаж байгаа. Анх улс төрийн шалтгаантай гэж тайлбарлаж байсан ч одоо хүрээгээ тэлж Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг гэрчээр дуудаж, УИХ-ын гишүүн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авах тухай яригдаж байгаа. Та бодит хариуг өгөхгүй юу?
    -Бид бодитой гэмт хэргийг, тухайлбал, хүний амь хохирсон гэмт хэргийг шалгаж байгаа. Бусад эд материалын хохирлыг төрөөс хууль гаргаад тодорхой хэмжээгээр арилгуулаад, түрүүчээсээ байр байшин нь босчихоод байна. Энд прокурор оролцоод байх шаардлагагүй. Хамгийн бодитой зүйл нь таван хүний амь нас хохирсон явдал байгаа. Энэ хэргийг Өршөөлийн тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хохирогчдын төлөөлөл маш тодорхой гэрч, нотолгоотойгоор дахин шалгаж өгөхийг хүссэн. Үүнийг судлаад үзэхэд дахин шалгах шаардлагатай болсон. Шалгах явцад тухайн үед төр, засгийг толгойлж байсан хүмүүс бас маш тодорхой мэдээллүүдийг хэвлэл, олон нийтэд хийсэн. Энэ нь хэрэгт гарцаагүй ач холбогдолтой учраас холбогдох хүмүүсээс нь тайлбар авч, гэрчээр байцаах шаардлага байгаа. Хуулийн байгууллагууд энэ ажиллагааг хийж байгаа.
    -Ч.Амарболд нарт холбогдох хэргийн зүйл ангийг өөрчилсөн. Мөн өршөөлд хамрагдсан хэргийг сэргээн шалгасан нь улс төрийн шалтгаантай гэж тэд мэдэгдээд байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?
    -Албан тушаалаа хэтрүүлснээс болж хүний амь хохирсон гэсэн зүйлчлэлээр хэргийг шалгаж байсан ч хэрэгсэхгүй болгосон. Үүнийг сэргээн шалгаж цэргийн гэмт хэрэг болгож, зүйлчлэлийг нь өөричлсөн. Онц байдал тогтооход иргэдийн өмнөөс галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл өгөөгүй юм байна. Гэтэл галт зэвсэг хэрэглээд хүн үхлээ. Бид сургуулийн сум хэрэглэсэн болохоос биш байлдааны сум , галт зэвсэг хэрэглээгүй гэж дарга нараасаа эхлээд мэдэгдээд явж байсан. Гэтэл байлдааны сум хэрэглэсэн нь тодорхой гарч ирсэн. Таван хүнийг суудаас алчихсан хүн амины хэрэг шүү дээ. Ийм байхад сэргээн шалгаж байгааг улс төрийн шалтгаантай гэж эрүүл ухаантай хүн хэлж болохгүй. Үүнийг хариуцлагаас мултрах гэсэн арга гэх харж байна. Би ийм зүйлд автаж, хэргийг шалгах явцыг зогсоохгүй ээ.
    -Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр саяхан ТВ9 телевизээр өгсөн ярилцлагадаа ноцтой олон зүйл дурдаж, баримт жишээ татаж байсан. Үүнийг хэрэгт нь холбогдуулж шалгах эрх прокурорт бий юу?
    -Хуулийн байгууллага хэнийг ч гэсэн шалгах эрхтэй учраас хэлсэн үгнийхээ талаар Н.Энхбаяр дэлгэрэнгүй тайлбар өгөх байх. Манайхан энэ тал дээр ажиллаж байгаа.
    -УИХ-ын гишүүн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авна гэлээ. Үүнд хүндрэл учрах уу. Бас гишүүний бүрэн эрх гэж яригдаад эхлэх юм биш биз?
    -Энэ хүмүүсээс тайлбар авах гарцаагүй шаардлага байх шиг байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэлж байгаагаар бол шүү дээ. УИХ-ын гишүүн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авахад ямар нэгэн хүндрэл гарахгүй байх гэж бодож байна. Тэд өгөх үүрэгтэй. Энэ нь тухайн хүний дархан эрхэд хамаарахгүй, зөвхөн иргэний үүрэг гэж ойлгох ёстой.
Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top