Д.Болд: Би их уйдамтгай, өөрийгөө байнга л өөрчлөх дуртай

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 16


    Дуучин Д.Болдын хөгжмийн шинэхэн монгол поп урсгал мэндэлж, саяхан “Монгол поп” нэртэй цомгоо худалдаанд гаргаад буй. Тэгвэл тэрээр ирэх сард бүрэн хэмжээний амьд тоглолт хийхээр төлөвлөжээ. Түүгээр ч барахгүй зун 21 аймгаар тойрч, аялан тоглохоо амлав. Ингээд монгол поп урсгалынх нь тухай болоод түүнийг тойрсон сэдвүүдийн талаар хариулт авлаа.
    -Ямар нэгэн хөгжмийн урсгал цоо шинээр гараад ирдэггүй. Шинэлэг аргуудыг шинэ хөгжим, урсгал гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр монгол поп тэр байдлыг давтсан уу, эсвэл цоо шинэ урсгал уу?
    -Энэ бол цоо шинэ урсгал. Монгол поп гэдгээ анх удаа тунхаглаж байна. Монгол поп гармони, хийц, хөгжмийн найруулгын хувьд шинэлэг болсон гэдгээрээ онцлог байгаа. Яах вэ, гадаадынхан уртын дууг ашиглаад энигма гээд урсгал гаргасан байна билээ. Гэтэл бид язгуур урлаг дээрээ үндэслээд шинэ урсгал гаргаж ирээгүй удсан шүү дээ. Тиймээс би энэ орон зайг харж, монгол поп урсгалыг шинээр гаргаж, уран бүтээл туурвиж эхлээд байна.
    -Дэлхийн хөгжмийн ертөнцөд монгол поп урсгалаа таниулах бодолтой байгаа байлгүй. Ямар нэгэн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа хүн байна уу?
    -Ганцхан дуучин уран бүтээлээрээ улсаа сурталчилна гэж байхгүй шүүдээ. Хэдийгээр зориг гаргадаг ч хүчин мөхөсддөг нь үнэн. Тиймээс манай улс бодлогоор дуучдаа дэмжих хэрэгтэй байна. Жишээлбэл, Солонгос улс гэхэд дуучдаа дэмжээд Холливудад хүртэл кинонд тоглуулдаг. Энэ нь цаанаа маш том бизнес явж байх жишээтэй. Түүн шиг төр засгийнхан тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж, дуучдаа дэлхийн зах зээлд гаргах хэрэгтэй.
    -Манай хөгжмийн зах зээл ямар байна гэж дүгнэдэг вэ. Хөгжмийн шинэ урсгал гарлаа гэхэд үзэгч, сонсогчид хэрхэн хүлээж авч байх юм?
    -Хүн ам багатай гэдэг утгаараа манай хөгжмийн зах зээл төдийлөн хөгжиж чадахгүй байна. Ямар нэгэн бизнес хүн амаас хамааралтай байдаг шүү  дээ. Гэхдээ би бага хүн амтай гэж чанаргүй уран бүтээл хийхийг боддоггүй. Үргэлж чанартай бүтээл төрүүлэхийг хичээдэг.
    -Ингэхэд R and B, поп урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Тэгэхээр энэ урсгалаар цаашид уран бүтээл хийх үү?
    -Хослуулж явна гэж бодож байгаа. Гол шугам маань монгол поп төслөө амжилттай хэрэгжүүлж, энэ урсгалаараа уран бүтээлээ туурвина. Клип, дуу хийхээсээ гадна энэ чиглэлээр олон үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн.
-“В” продакшн үйл ажиллагаагаа дахин явуулах уу. Танай продакшнд харьяалагддаг уран бүтээлчид гарсан сураг байсан?
    -Хэсэг хугацаанд завсарласан байгаа. Удахгүй “В” продакшны маань үйл ажиллагаа эхэлнэ. Албан ёсоор хурал хийж, шинэ залуу дуучдыг бүртгэнэ. Хамгийн гол нь монгол поп урсгал ганцхан Болд гэдэг хүнийх биш. Тиймээс “В” продакшн шинэ дуучныг төрүүлж, энэ урсгалаар уран бүтээл туурвихад нь дэмжиж ажиллана.
    -“Би чамд хайртай-2” уран сайхны кинонд дуучин Д.Болд сайн тоглосон гэх нь бий. Кинонд тоглуулах санал хэр ирж байна вэ?
    -Одоогоор ямар нэгэн санал ирээгүй байна.
    -Ирвэл тоглох уу?
    -Зохиолыг нь уншиж байгаад болно доо. Хэрвээ зохиол, дүр нь таалагдвал тоглохыг үгүйсгэхгүй.
    -Хийж байгаа уран бүтээлээс тань их хөдөлмөрч гэсэн үнэлэлтийг үзэгч, сонсогчид өгдөг. Та хэр эртэч вэ?
    -Би их унтах гэдэг л дээ. Гэхдээ ажилтай үедээ эрт босно. Ер нь цаг алдалгүй ажиллахгүй бол залуу хүн нийгмээсээ хоцрох гэмтэй. Тиймдээ ч их хөдөлмөрлөдөг.
    -Таны гол баримталдаг зарчим юу вэ?
    -Зорилгыг хамгийн түрүүнд тавьдаг. Миний хувьд өмнөө зорилго тавьж, түүндээ хүрэх гэж хичээдэг.
    -Монгол поп урсгалыг чимж байгаа урлагийн зэмсэг бол морин хуур юм шиг санагдсан. Морин хуур тоглодог уу?
    -Монгол поп урсгалдаа зориулж морин хуур хийлгүүлсэн. Уг нь би хийл тоглодог. Одооноос язгуур урлагийнхаа хөгжмийн зэмсгийг сонирхож, суралцаж байна. Сурахгүй бол болохгүй гэж өөртөө хатуу шаардлага тавьсан. Тиймээс морин хуур тоглож сурч байгаа.
    -“Камертон” хамтлаг монгол поп урсгалаар уран бүтээл хийх үү?
    -“Камертон” хамтлагийн хувьд завсарлага авсан. Манай хамтлагийн гишүүд маань өөр өөрийн гэсэн бизнес эхлүүлсэн болохоор түүндээ анхаарал хандуулах хэрэгтэй болсон.
“Ардчилал” сониноос. Zindаа.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top