Хуучин пүүзээ тарьж, бордоо болго

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 16


    Ирээдүйд гутал үйлдвэрлэгчид “Та хуучин гутлаа хаялгүй газарт булж услаарай” гэсэн зааврыг өгдөг болох нь. Голландын “ОАТ Shoes” компани байгальд хор хөнөөлгүй, эко гутал үйлдвэрлэж эхэллээ. Газрын хөрсөнд бүрэн задарч шингэдэг гутал хөрсний ашигтай бордоо болох аж. Иймээс гэр оронд элдэв хог новш хөглөрөхгүй, цэвэр. Бас таны “совесть” ч цэв цэвэрхэн. Тэр бүү хэл, пүүз “оршуулсан” газарт гоё цэцэг, эсвэл хүнсний ногоо ургана гээд төсөөл дөө. Загварын ертөнцөд ердөө 2008 онд хөл тавьсан “ОАТ Shoes” компанийн Кристиан Маатс анх био материалаар эко гутал бүтээх арга сэджээ. Дизайнерийн багийнхан шинэ технологийг уламжлалт аргатай хослуулан, хоёр жилийн турш судалгаа, туршилт хийсний дүнд олс, үйс, органик хөвөн, био хуванцар, хлоргүй цайруулагч зэрэг хоргүй материалаар гутал, пүүз хийсэн байна. Бараг 100 хувь задарч хөрсөнд бүрэн шингэдэг энэ био гутлыг 2011 оны нэгдүгээр сард Голландын Амстердамд явагдсан Олон улсын загварын долоо хоногийн үеэр нийтэд танилцуулжээ. Сүүлийн үед загварын олон ордон эх дэлхийдээ санаа тавьж, “ногоон цуврал” гаргах болсон. Иймээс ер бусын шийдэлтэй эко гутал олны анхаарлыг аш их татаж, “Ногоон мод” номинацид хоёрдугаар байр эзлэв. Энэ нь шинэ брэндийн хувьд маш том амжилт юм. “ОАТ” компани хүн ба байгалийн төгс нэгдлийг илтгэсэн байгалийн сэдэвтэй брэндээ “VirginCollection” /Онгон/ гэж нэрлэжээ. Мэдээж Эдем, хүн төрөлхтний өвөг Адам, Ева, диваажингийн цэцэрлэг ч энд бий. Загвар өмсөгчид эхээс төрсөн чигээр шахуу тайзан дээгүүр алхалж, хөлдөө зөвхөн пүүз өмсчээ. Байгалийн өнгөтэй, улаан, цэнхэр, шар, ногоон оруулгатай эдгээр пүүз бяцхан нууцтай. Өөрөөр хэлбэл үйсэн уланд нуусан ургамлын үрнээс пүүзийг “оршуулсны” дараа цэцэг ургах юм байна. Анхны 900 хос эко пүүз энэ хавар Европын дэлгүүрт зарагдах юм. Иймээс олны мэдэх нэгэн хэлц үгийг жаахан өөрчилж, “Хүн бүр эко байшин барьж, пүүзээ тарь. Мөн индиго хүүхэд төрүүл” гэж ярьдаг цаг удахгүй ирэх нь.
"Өглөөний сониноос" Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top