АН болон зугаа цэнгэл хөөцөлдөж яваад хүний хийгээд техникийн аминд хүрэгсэд

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 16


    Монгол улсад хүний амь юу ч биш болж хэн нэг дарга ан гөрөө хийж зугаацахаар мордоод л ид хийж бүтээх насандаа яваа залуусыг цааш харуулчихдаг нь мода болоо юу даа. 1998 онд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ерөнхий сайд болчихоод Дундговь руу гөрөөчлөхөөр очоод Адаацаг сумын засаг дарга залууг дагуулж яваад нөгөөх нь онхолдоод нас барчихсан гэдэг. Түүнээс хойш ч иймэрхүү аз сорьсон “хийморь сэргээх” аянд мордох дарга нар цөөрөөгүй. Өнгөрсөн УИХ-ын үед гишүүн асан “Симба” Ц.Батаа нисдэг тэргээр үнэгчлэх гээд унагаж Монгол улсыг агаарт явгалж байлаа. Тэр үүнээсээ болж шооч нэгнээс “үнэг” хоч хүртсэн билээ. Энэхүү нисдэг тэрэгний мөнгийг төлсөн эсэх нь өнөө ч тодорхой биш. Мөн тэр үед “Гоё халиун”-ы эзэн дэд сайд бас морьдоо үзүүлж явах үеэр төрд алба хашиж явсан хоёр гурван хүн харамсалтайгаар амиа алдсан. Мөн Налайхын хэдэн хурган дарга нар ан хийж яваад бас нэг хүн намначихсан гэх шуугиан дэгдэж байлаа. Ц.Элбэгдорж мөн Хархориноос нааш ирж яваад машинтайгаа унаад жолооч нь нас барчихсан хэрэг гарсан. Тэгвэл энэ удаа Төв аймгийн МАН-ын дарга нар бас зугаа цэнгэл хөөцөлдөж яваад өсөх ирээдүйтэй залуухан бөхийн аминд хүрчихэж гэнэ. Ер нь дарга нарын ийм зугаа цэнгэл хөөцөлдсөн анчлал, цэнгүүнээс болж жирийн хүмүүс амиа алдаад, улс буюу татвар төлөгч бидний татварын мөнгөөр авсан нисдэг тэрэг, машин мэт техник эвдэрч хамхарч дуусдаг нь юуных вэ. Иймэрхүү хүний амиар тоглодог зэрлэг цэнгэлээ зогсоож болдоггүй юм байх даа хэмээн олон хүн дээдсээсээ гуйж хүсэх боллоо.
“Монголчуудын амьдрал” сониноос. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top