Хурдан морь сонирхогч, уяачдын унших дуртай “Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа. Мэдээллийн чанар, уншигчдын тоо, гарах давтамжаараа чиглэл нэг хэвлэлүүдээс илт давамгайлсан уг сэтгүүлийн энэ дугаарын хүндэт зочноор Монголын хурдан морины түүхэн дэх анхны ах дүү Тод манлай уяачдаар тодорсон “Макс” группийн ерөнхий захирал Д.Цэрэнжигмэдс саатан хэвлэлд тэр бүр дэлгээд байдаггүй илэн далангүй яриа өрнүүлсэн байна. Залуу уяачдад зориулсан “Уяаны эрдэм” буланд МУ-ын Тод манлай уяач Г.Сандуйжав, Ц.Аюуш нар алдарт хурдан хүлгүүдээ уяж, сойж байсан арга барилын талаар нийтлэгдсэн байгаа бол төрийнхөө наадамд үе дамжин морь айрагдуулсан уяачдын талаар цувралаар хүргэдэг “Удам” буланд Монгол улсын цорын ганц эмэгтэй Алдарт уяач Д.Хорлоодой гуайг онцлон өгүүлжээ. Харин хурдан морь сонирхогч, уяачдын өмнө нээлттэй байдаг “Хобби” буланд сүүлийн үед хурдан хээр үрээгээрээ халхын довтой хүлгүүдийг дийлж уралдаж буй Б.Сүхбаатар хэмээх эрхэм тухлан, хэвлэлд анх удаа яриа өрнүүлж, өөрийн үзэл бодлоо шигтгэсэн байна. Цагтаа монгол хүлгүүдийн сор болсон Б.Цэндбаатарын Тугал ухааг сойж байсан энэ эрхэм юу өгүүлсэн юм бол. Сүүлийн үед унаач хүүхдүүдийн эрх ашиг, аюулгүй байдал олны анхаарлын төвд орох болсон. Тэгвэл “Тод манлай” сэтгүүл ч энэ талаарх асуудлыг хөндсөн байна. Энэ мэт уламжлалт булангуудаас гадна Засгийн газрын тушаалын дор явагддаг “Дүнжингаравын хурд-2011” хаврын хамгийн том уралдаан болон “Нүүрэнтэйн хурд-2011” бүсийн уралдааны эргэн тойронд болсон содон, сонирхолтой мэдээлэл, гэрэл зургууд түрүүлж айрагдсан хурдан хүлгүүдийн намтар, түүх зөвхөн “Тод магнай”-д багтсан байна. Харин “Угшил”, “Дэлхийн морин спорт”, “Онгодын асар” зэрэг уламжлалт булангуудад юу бичигдсэн болохыг уншигч таны өмнө нууц болгон үлдээе. Тэнгэрлэг монгол түмнийг тэнхээт хүлгүүдийн босоо хийморь өнөд ивээх болтугай.
“Тэргүүн” сониноос.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )