Монголд сурч байгаа япон оюутнууд ярьж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 17


    Японд цунами болж асар их хэмжээний эд материалын хохирол, олон тооны хүмүүсийн амь нас сүйдсэнтэй холбогдон дэлхийн нийтээрээ шуугилдан хөдөлгөөнд орж байна. Цунами болсон эхний өдрүүдэд Японд байдал хүндхэн байлаа. Атомын цахилгаан станцын реактор дэлбэрсэн нь энэ газар хөдлөлт , цунамигийн аюулын тухай ойлголтыг улам бүр дэвэргэжээ. Өнөөдөр цунамид өртөж орох оронгүй болж, төрөл төрөгсдөө алдсан олон мянган япон иргэд сэтгэл санааны хүнд байдалд байна. Мөн зарим газруудад хүнсний болон усны хомсдолд орж эхэлсэн боловч, өндөр хөгжилтэй энэ улс ард иргэдээ авран хамгаалах тал дээр маш сайн ажиллаж байгаа нь харагдсан юм. Монголчууд бид Японы ард түмэнд туслах олон сайн дурын хөдөлгөөн байгуулж чадах чинээгээрээ сэтгэлийн болон эд материалын туслалцаа дэмжлэг үзүүлж эхэлж байна. Харин Япон улс өөрөө хүчирхэг болохоор гадаадын тусламжийн тоог хязгаарлаж ердөө 30 орноос тусламж авахаа мэдэгдсэн аж. Японыг гуравдагч хөршөө хэмээн үздэг манай улс ойр дотно харилцаж, тэдний тусламж дэмжлэгийг ч авч байсан. Өнөөдөр Японд олон арван мянган монголчууд сурч, ажиллаж, амьдарцгаадаг. Тэдгээр монголчуудад япончууд өөрийн иргэндээ тусалж байгаа мэт авран хамгаалж бүхий л бололцоотой тусламж дэмжлэгийг үзүүлж байгаа билээ. Өнөөдөр Наран улсад байдал харьцангуй намжсан боловч асар их хохирол, уй гашуу амссан Япон орон хэзээ сэргэх нь тодорхойгүй байна. Японоос Монголд сурч байгаа оюутан залуус энэ талаар сэтгэгдлээ хуваалцлаа.
МУИС-ийн Монгол хэл зүйн сургуулийн 2-р дамжааны оюутан Ничито Фуяама: “Монголчууддаа баярлалаа”
    -Манай гэр бүл бүгдээрээ Японы хойд нутаг Хоккайда арлын Саппоро хотод байдаг. Анх газар хөдөлсөн үед тэнд чичирхийлэл мэдэгдсэн гэсэн. Цунами болсон эхний өдөр би их санаа зовж ар гэрийнхэнтэйгээ холбогдох гэсэн боловч интернет, утасны сүлжээ тасарсан байлаа. Энэ үед л би их айсан шүү. Харин дараа нь хоёр дахь өдөр нь би ээж аав, ах дүүтэйгээ холбогдож санаа амарлаа. Монголчууд бидэнд бүх талын тусламж дэмжлэг үзүүлж байгаад би их талархаж байна. Монголчууддаа баярлалаа.
Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан Танашита Нарутто: “Япон орон маань улам хүчирхэг болоосой”
    -Би Окинава арлаас ирсэн. Тэнд байдал тайван байгаа гэсэн. Харин тэнд байгаа Америк цэргүүд их айцгааж байгаа бололтой. Цунами болсон эхний өдөр аав ээжтэйгээ утсаар яриад одоо тайвширлаа. Гэвч эх оронд маань гамшиг тохиолдсонд санаа их зовж байна. Миний ах Токиод байдаг. Тэнд ч зүгээр л дээ. Монголчууд бидэнд их тусалж байгаа болохоор бид их баярлаж байна. Хэдийгээр манай хоёр орон түүхийн нэгэн цагт хоорондоо дайтаж байлдаж байсан бол өдгөө ах дүү мэт найз нөхөд болжээ. Япон орон маань энэ хүнд байдлаас хурдан гарч, улам хүчирхэг болоосой гэж бурхандаа залбирч сууна.

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутан Ямато Кудаши: “Хайртай залуудаа санаа их зовж байна”
    -Надад үнэхээр хэцүү байна /уйлав/. Миний хайртай залуу цунами болсон Синсейда хотод таксины жолооч хийдэг. Одоо хүртэл сураг чимээ алга. Аавтай нь би өчигдөр ярилаа. Ерөөсөө гэртээ ирээгүй гэнэ. Харин газар хөдөлснөөс хоёр хоногийн дараа гэр лүүгээ ярьж амьд байгаагаа мэдэгджээ. Тэр сайн дурынхантай нэгдэж автобусаар хүмүүсийг тээвэрлэж байгаа гэж сонслоо. Өөрийнх нь гар утас одоо хүртэл холбогдохгүй байна. Миний санаа маш их зовж байна. Хайртай залуугийн маань гэр орон нь усанд юүлэгдээд, аав ээж, дүү нар нь хорогдох байранд байгаа гэсэн мэдээлэл авлаа.
Д.Жаргалсайхан. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top