Японд цунами болохоос хэдхэн хоногийн өмнө “Шинэ Монгол” ахлах сургуулийн 15 сурагч оюутан солилцооны шугамаар Япон руу явцгаасан болон тэдний талаар хэвлэл мэдээллээр нэлээдгүй мэдээ цацагдсан. Урьд өмнө нийслэлчүүдийн ихэнх нь мэддэггүй байсан энэхүү “Шинэ Монгол” хэмээх ахлах сургуулийн талаарх сайн, муу мэдээллүүд олон уншигчдын сонорт хүрч, үнэн хэрэгтээ энэ сургуулийн тухай асар том PR дэгдлээ. Зарим хүмүүс “Японд цунами болсон биш Монголд хувийн сургуулиудын сурталчилгаа газар авч байна” хэмээн хошигнох болов. Манай сурвалжлагч нөхцөл байдлын талаарх сүүлийн үеийн мэдээллийг авахаар “Шинэ Монгол” ахлах сургуулийн захирал Ж.Галбадрахтай уулзлаа.
Танай сургуулийн шугамаар Япон явсан сурагчид голчлон ямар хотод суралцаж байна вэ?
-Хойд талын Хокайдо арлаас өгсүүлээд урд зүгийн Кишү арал хүртэл Японы ихэнх хотуудад суралцаж байна.
-Цунами болох үед танай сурагчдын байдал ямар байсан бэ. Сүүлийн үеийн мэдээлэл юу байна?
-Мэдээж цунами болсон тэр өдөр утасны сүлжээ хэцүү байдалд байсан. Өнөөдөр арай гайгүй боллоо. Хүүхдүүдийг хаана явж байна, хаана очиж байгааг бүгдийг нь хянаж байгаа. Харин шинээр явсан 15 сурагчид гамшгийн бүс болох Синсейда хотод байсан. Гэвч өчигдөр гараад Ямагото хотод очсон гэж сонслоо. Манай элчин сайдын яамныхан энэ бүхнийг сайн зохион байгуулж хоёр автобус гарган, гамшгийн бүсэд байсан ихэнх хүүхдүүдийг цуглуулан Нарита руу хөдөлсөн байна. Энд тэндгүй зам харилцаа эвдэрсэн болохоор жаахан тойруу замаар явсан гэж сонслоо. Бараг 10 гаруй цаг явж байж Наритагийн олон улсын нисэх буудалд очих байх. Гэхдээ Наритад очингуутаа бүгдээрээ Монгол руу явна гэсэн асуудал байхгүй. Зарим нь байдлыг харж тэндээ үлдэнэ гэж ярьж байсан. Ер нь Фукушима дахь Атомын цахилгаан станцын дэлбэрэлтээс болж хүмүүсийн сэтгэл их зовж байгаа. Харин япончууд өөрсдөө тун тайван байгаа юм. Тэд “Санаа зовох хэрэггүй. Манай Япон улс авран хамгаалах ажлыг сайн хийж байгаа” гэж хэлцгээж байна лээ. Гэхдээ энд байгаа эцэг эхчүүдийн санаа их зовцгоож байгаа болохоор бид бүх арга хэмжээг авч байна.
-Энд байгаа эцэг эхчүүдийн сэтгэл санааны байдал ямар байна?
-Эцэг эхчүүдийн сэтгэл санааны байдал тайван байна. Яагаад гэвэл тэд надаас бүхий л мэдээллийг авцгаасан. Хүүхдүүд нь холбоо тогтоож амжлаа. “Энд тайван амгалан байна. Санаа зовох зүйлгүй” хэмээн хүүхдүүд ярьцгаалаа. Харин Японд байдал намжмал, ард иргэд нь тайван байхад монголчууд бид л шуугилдаад туулайн чинээ юмыг уулын чинээ болгоод байх юм.
Сурагч О.Боролдой: “Ганц хоноод буцаад ирлээ”
-Цунами болохоос хэдхэн цагийн өмнө Японд байсан гэж дууллаа. Тэнд байдал ямар байсан бэ?
-Би Нарита олон улсын нисэх буудалд ганцхан хоноод буцаад ирлээ. Байдал тайван намжмал байсан хэдий ч атомын цахилгаан станцын дэлбэрэлтээс болоод иргэд нь жаахан сандарсан байдалтай байсан. Хэдийгээр цацраг идэвхт туяа цацагдсан ч өндөр хөгжилтэй улс болохоор дор нь арга хэмжээ авч эхэлсэн.
-Наритагийн нисэх буудалд байдал ямар байсан бэ?
-Бид нарыг ирэхэд 150 орчим монгол иргэд ирчихсэн байсан. Дараа нь нэмэгдсэн. Голчлон оюутнууд ирж байгаа, байдал харьцангуй намжмал боллоо.
-Хоол унд, цэвэр усны дутагдалд орсон уу?
-Үгүй, тийм зүйл гараагүй. Наритагийн нисэх онгоцны буудал дээр хүмүүст үнэ төлбөргүй хоол унд, цэвэр ус, дулаан хөнжил тараасан.
-Атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн бүсээс ирсэн сургуулийнхаа сурагчидтай уулзсан уу. Тэдний байдал ямар байсан бол?
-Ер нь харьцангуй тайван байсан. Тэд автобусаар 10 орчим цаг явж байж Наритад ирцгээсэн.
-Танай сургуулиас ямар арга хэмжээ авч байна?
-Бидэнтэй хамтран ажилладаг Япон иргэдтэй холбоо тогтоож манай сурагчидад аль болох өргөн тусламж үзүүлэхийг хүсэж байгаа. Ер нь манай сургууль Японд байгаа хүүхдүүдтэй холбоо тогтооход чухал арга хэмжээ авсан л даа. Бид Японы ард түмэнд туслах хөдөлгөөн байгууллаа. Удахгүй хандивын данс нээгдэнэ. Тэр дансанд бололцооныхоо хэрээр мөнгө хийнэ гэж бодож байна.
Д.Жаргалсайхан. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )