МАН-ын шинэ байр буюу “Тусгаар тогтнолын ордон” дээр ажиллаж байсан гагнуурчин залуу энэ өвөл ажлын байран дээрээ амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлснээр бол хөлдсөн бетон зуурмаг дамжуулах хоолойг хэвийн ажиллагаанд нь оруулахаар ажиллаж байх үед энэхүү үйлдвэрлэлийн осол гарсан бөгөөд их хэмжээний хий хуримтлагдсан хоолой агаар авангуут дэлбэрч гагнуурчны амь эрсэдсэн байна.
Болсон явдал бол товчхондоо ийм. Харин үүний цаана томоос том харуусал, эмгэнэл нуугдаж байгааг анзаараагүй юм шиг өнгөрөх нь зүйд үл нийцнэ. 2008 оны сонгуулийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй иргэд МАХН-ын байрны өмнө цугларч зүгээр л С.Баяраас мэдэгдэл хүссэн. Харин тэр цагаан байрандаа ”Тусгаар тогтносоор” байдлыг улам дэвэргэж, 7-р сарын 1-ний хэмээх тэр цуст яргалал үйлдсэн өдөр лүү ард түмнийг, цагдаагийн ажилтнуудыг түлхсэн дээ. Монгол хүн Монгол хүн рүүгээ буудаж, бас техник хөлөглөн дайрсан. Яг л улс төрчид бие биеэ, найз нөхдөө, хамтран зүтгэгчдээ хэвлэлээр хэмлэж, “алалцдаг” шиг. Хэрвээ тэр үед С.Баяр гарч ирээд цугласан олныг тайвшруулах дөмөгхөн хэдэн үг амнаасаа унагачихсан бол 5 сайхан залуу амиа алдаа ч уу, үгүй ч үү. Бас өнөөдөр дахин нэг хүний алтан амь “Тусгаар тогтнолын ордон” дээр егүүтгэгдэх зам мөр хаагдах ч байсан юм билүү. С.Баяр бол МАН-ын том лидер “сайн” хүн юм чинь буруугүй. Үймээн самуунд өртөж, цагдаа нараар хамгаалуулсан цагаан байрны л буруу болж таарч байгаа шүү дээ, өнөөдрийн байдлаар.
Ерөөсөө 7-р сарын 1-ний хэрэг явдал гэдэг бол тодорхой сценариар явагдсан зохиомол үймээн самуун байсан гэдэг яриаг сайтар нягталж, мухарлах хэрэгтэйг энэ явдал санууллаа. Хүний амь эрсэдсэн газар оронд заавал тэрхүү хар энерги дагалдаж байдаг хуультай. Ашиглалтанд орохоосоо өмнө халуун амь “залгиж” байгаа энэ сүртэй нэртэй үнэтэй байшинд дахин ямар үхлийн сценари бичигдихийг хэн ч таашгүй.
Харин ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “ТВ9” телевизээр 7-р сарын 1-ний талаар ярилцлага өгч, асуудлыг сэргээж ярих боломж бүрдүүллээ. Хэн юуны тухай ярьж байгаа нь гол биш. С.Баяр, Н.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил ер нь хэн ч бай буруутай этгээд илчлэгдэх цаг нэгэнт болжээ. Үгүй бол хэдэн тохой өсч баригдсан МАХН-ын цагаан байрны хойд дүр эздийнхээ балгаар дахиад олон ч удаа “цоллуулах” биз.
Учир нь “Тусгаар тогтнолын ордон”-ыг үтэр түргэн ашиглалтанд оруулах зарлиг сонссон гүйцэтгэгчид Монголын хуулийг гууль болгож өвлийн улиралд цутгалт, угсралтын ажил хийж байж. Үүнээс болж хоолой хөлдсөн, дараа нь дэлбэрсэн, эрдэнэт хүний амь эрсэдсэн. Хэрэг явдалд гагнуурчин, гүйцэтгэгч аль нь ч буруугүй, харин буруутай байж болох хэд хэдэн улс төрчийн нэр л санаанд орж ирж байна. Тэр эрхмүүд өөрсдөө юу гэж хариулахыг харзная. Дараа нь бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
С.Буурал. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )