Японоос ирж байгаа Монголчуудын тээшнээс цацраг идэвхит бодис илэрчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 21

 

 Японы Нарита хотоос 17-ны өдрийн 00:10 цагт  ирсэн  Монголын дөрвөн иргэний тээшнээс цацраг идэвхит бодисын бохирдол илэрсэн. Энэ нь байх ёстой стандартаас цацраг идэвхит бодис хэд дахин илүү байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон  гэдгийг бид өмнө мэдээлсэн  билээ. Гэтэл  өнөөдөр буюу шөнийн 02:15 цагт Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчид, тэдгээрийн ачаа тээшинд  Цөмийн Энергийн Газраас цацрагийн хэмжилт, хяналт хийхэд Фукушимагаас 50 км-ийн зайд орших Шинчи тосгоноос ирсэн зорчигчийн aчaaнaac зохиомол цацраг идэвхт изотопын бага хэмжээний бохирдол дахин илэрчээ.  Тээш нь бохирдолтой ирсэн иргэний тоо ийн нэгээр нэмэгдлээ. Зорчигчийн бие болон ачаа тээшинд хоёр дахь шатны үзлэг хийж цацрагийн бохирдол илэрсэн эд зүйлсийг журмын дагуу тусгай байранд хадгалж, битүүмжилжээ.
 МИАТ-ийн хүсэлтээр ОМ-502 нислэгийн дугаартай Бойнг-737 онгоцны заал, урд, баруун, зүүн, хойд дугуйнуудад цацрагийн хэмжилт, хяналт хийхэд цацрагийн бохирдол илрээгүй байна. Бохирдсон эд зүйлсийн шинжилгээг дахин явуулж бохирдол буурсны дараа устгалд оруулах ажээ.

Д.Сэндэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top